Манай хэрэглэдэг 3 сая тонн шатахууны 1.2 саяыг нь хэрэглэж буй Хятад компаниудад шатахуунаар хангах боломжгүйг мэдэгдсэн

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны импорт  түгээлттэй холбоотой асуудлаар өнөөдөр байр сууриа илэрхийлсэн юм.

Г.Дамдинням “Зөвхөн Монгол Улсад биш дэлхий даяараа ийм байна. Өнөө өглөө гэхэд би БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг  аж ахуйн нэгжүүдийг цуглуулж ярилцлаа. Монгол Улс 3 сая тонн шатахуун хэрэглэдэг, үүний 1.2 сая тонныг нь БНХАУ-ын уул уурхайн салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд хэрэглэж байгаа.

ОХУ болон Украйны дайны нөхцөл байдал, АНУ, Ираны нөхцөл байдлаас шалтгаалаад газрын тосны хямрал бүх улс оронд нөлөөлж байгаа. АНУ бол ард иргэддээ “маш үнэтэй бензинтэй болно шүү” гэдгээ ерөнхийлөгч нь шууд хэлдэг болсон.

ОХУ-ын бүх хотууд Москва  хүртэл оочертой боллоо. БНХАУ бол маш бэрхшээлтэй, хомсдолтой нөхцөл байдалтай байна. БНСУ бол хязгаарлалттай. Дэлхийн бүх улс орнууд экспортын хоригтой байна. Бидний хувьд яриа хэлэлцээр нэмэгдүүлэх, богино хугацаанд энэ хямралыг давчихна.

Ийм хямрал дахиад ирэх магадлал өндөр учраас сөрөг арга хэмжээнүүдийг бид бэлдээд аваад явж байгаа. Нэгдүгээрт, ногоон шилжилт. Энэ хүрээнд ногоон өртөөг байгуулж байгааг харж байгаа байх. Эдгээр өртөөнүүд шатахууны хэрэглээг бууруулах зорилготой ажиллаж байгаа.

Хоёрдугаарт, шатахуун импортолдог улс орнуудаа нэмэгдүүлэх, төрөлжүүлэх ажлыг хийж байна.

БНХАУ-аас тогтмол шатахуун авах гэрээ хэлэлцээрийг хийж байна. БНХАУ-ын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжийг хойд хөршөөс авч ирсэн шатахуунаар та бүгдийг хангах боломжгүй. Өөрсдөө шатахуунаа авч ирээд олборлолтоо хийх ёстой, мөн манай ард иргэдийн хэрэглээг хангахад туслах ёстой гэх зарчмын байр суурь тавьж байна.

Гуравдугаарт, БНСУ-аас сар бүр 20 мянган тонн дизель түлш, 20 мянган тонн евро бензин, онгоцны түлш авна. Авто бензин 75 мянган тонн хэрэглэдэг, тэгэхээр том хувийг авдаг болно гэсэн үг. Эхний ачилт есдүгээр сард орж ирнэ. Сингапур, Энэтхэгээс шатахуун авах тухай ярьж байна. Дээрээс нь Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын тухай хуулийн төслийг дагуулаад ногоон эрчим хүчээр ажилладаг уул уурхайн тоног төхөөрмжийг татвар хураамжаас чөлөөлөх тэглэх асуудлыг бэлтгэж байна.

Мөн сав суулга, агуулгаа нэмэгдүүлэх ажил эрчимтэй хийж байна. Энэ ондоо багтаагаад 14 хоногийн нөөцөө нэмэгдүүлнэ. Ингэснээр 45 хоногийн нөөцөө хадгалж чаддаг болно. Ирэх онд хоёр сарын нөөцөө хадгалдаг болно.

Үүний дараагаар гурван сарын нөөцөө хадгалах зорилт тавьж байна. Үнэ хямд бүтээгдэхүүн элбэг байгаа үед авч хадгалаад 2-3 сарын цохилтыг даадаг хэмжээнд хүрнэ гэсэн зорилттой.

Дашрамд нэг зүйлийг хүсье. Ард иргэд “хэрэглээгээ хэвийн түвшинд аваач ээ” гэж уриалмаар байна. Импортыг хэвийн түвшинд хэрэглэхэд хүрэх хэмжээнд татаж байгаа.

Сүүлийн 10-аад хоногт 1500-1700 тонн шатахууныг Улаанбаатар хотод нийлүүлж байна. Харамсалтай нь, очер тодорхой хэмжээнд буурсан ч бүрэн хэмжээнд арилж өгөхгүй байгаа нь ард иргэдийн дунд айдас байгаатай холбоотой байх шиг байна.

Уржигдраас эхлээд орон нутгийн ачилтыг эрс нэмэгдүүлсэн. Ойрын хугацаанд орон нутгаа хэвийн болгоод авчих болов уу.

Яг өнөөдрийн байдлаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хэмжээнд БНХАУ-аас болон ОХУ-аас орж ирсэн 150 гаруй вагон цистер нь шатахуун явж байна. Энэ нь 10 мянган тонн гэсэн үг.

Монгол орны 330 гаруй суманд хүргэхэд тээвэрлэнэ, удаан хугацаанд тасалдал үүссэн учраас тэр даруй хомсдол зүгээр болоход хэцүү. Бүх чадлаараа л хичээн ажиллаж байна. Дэлхий даяараа тулгамдаж байгаа энэ бэрхшээлийг хэрүүл тэмцлээр бус ард иргэд ойлгож, эвлэлдэж давна шүү гэж ард иргэддээ уриалж байна” хэмээн мэдэгдсэн.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn