ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том Хүннүгийн язгууртны булш /Дуурлиг нарс/

Манай улсын нутагт одоогоор нийт 2000 орчим Хүннүгийн язгууртны булш бий хэмээн судлаачид үзэж байгаа.

Монгол улсад байгаа эртний Хүннүгийн язгууртын цогцолбор дурсгалуудыг НҮБ-ын дэргэдэх Соёл, Шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО/ энэ 2026 оны 7 дугаар сарын 25-нд Дэлхийн өвд бүртгэн авсан.

Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уул, Баянцагаан сумын нутаг дахь Чихэртийн Зоо, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дахь Дуурлиг нарс, Архангай аймгийн нутаг дахь Гол Мод I-II, Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Тахилтын хотгор гэсэн цогц дурсгалуудыг бүртгэж аваад буй.

Эдгээр дурсгалуудын талаарх судалгааны болон бусад мэдээллийг цувралаар та бүхэндээ толилуулья.

Энэ удаа Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дахь Дуурлиг нарсны цогцолбор дурсгалын тухай дэлгэрүүлэн өгүүлье.

Тус дурсгал нь Монгол улсын зүүн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор юм.

Дуурлиг нарсны дурсгал нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын төвийн өмнөх нарсан ойд тархсан Хүннүгийн язгууртны булшнууд билээ. Энд нийт 300 орчим булш тоолж бүртгэснээс дийлэнх нь үүдэвч бүхий язгууртны булшнууд.

Үүдэвчтэй булшуудын жижиг нь 5х5 м орчим хэмжээтэй, 5 м хүртэл урт үүдэвчтэй. Хамгийн том нь оршуулгын газрын зүүн хойд захад байрлах бөгөөд түүний гол байгууламжийн хэмжээ 40х40 м, үүдэвч нь 60 м орчим урттай ажээ. Тус оршуулгын газрын ихэнх булш 10-15 м, 20-25 м орчим хэмжээтэй юм.

Дурсгалт газрыг анх 1974 онд Х.Пэрлээ, Д.Цэвээндорж агсан нар илрүүлсэн ба 1991 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд анх дэвсгэр зураг, зарим булшны тодорхойлолтыг хийж нийтэлсэн.

Хүннүгийн судалгааны 100 жилийн ойг тохиолдуулан олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаан-Үд хотод 1999 онд болсон байдаг. Энэ хурлын үеэр академич Д.Цэвээндорж Дуурлиг нарсны дурсгалт газар байх Хүннүгийн язгууртны булшны талаар мэдээлсэн аж.

Анхны археологийн малтлага судалгааны ажлыг Монголын Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Солонгосын Үндэсний музей хамтран хэрэгжүүлж буй “Мон-Сол” эрдэм шинжилгээний төслийн хүрээнд доктор Г.Эрэгзэнгийн удирдсан хээрийн шинжилгээний анги хийсэн байдаг.

Тус шинжилгээний ангийхан 2006-2011 оны хооронд Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал болох үүдэвчтэй дөрвөлжин хэлбэрийн гадаад байгууламжтай 3 булш, дугуй хэлбэрийн гадаад чулуун байгууламжтай 13 жижиг булшийг малтан судалсан байна.

Дуурлиг нарсны булшнууд харьцангуй баялаг олдвортой гэнэ. Хүрэл гүц, цар, дэнгийн цөгц, чий будагтай аяга, хувцасны чимэг зүүлт, хаш чулуун эдлэл, авсны алтан чимэг, хүрэл толь, шувууны дүрстэй чулуун зүүлт, хүрэл болон төмөр тогоо, төмөр хоолны халбага, шүүлтүүр, угалзарсан хөөмөл хээтэй бүсний алтан чимэг, гоёмсог хийцтэй шавар ваар адуу малын тоног хэрэглэл, сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг ховор сонин олон төрлийн олдворууд эндээс илэрчээ.

Эдгээрээс төмөр тогоо, төмөр шүүлтүүр гэх мэт олдворууд нь өмнө нь Хүннүгийн дурсгалаас олдож байгаагүй шинэ олдворууд юм. Мөн шавар ваарны ёроолд дарсан тамга, хүрэл цөгцөн дотор хадгалагдсан өөхөн тос зэрэг хүннүчүүдийн оюуны болон эдийн соёлыг илтгэх шинэ содон эх хэрэглэгдэхүүн ч багагүй цугларсан байна.

Олдворууд дунд Хятадын Хань улсаас гадна Дундад Ази, одоогийн Афганистаны нутагт хийсэн чулуун сувс зэрэг ховор эд зүйлс ч байжээ.

Мөн эдгээр малтлагын үр дүнд Хүннүгийн язгууртны булшны бүтэц зохион байгуулалтын талаар багагүй шинэ мэдээлэл цуглуулжээ.

Мон-Сол төслийн судлаачид 2009 онд малтлагаар илэрсэн олдворуудыг сэргээн завсарлаж Монголын Үндэсний музей, Солонгосын Үндэсний музейд үзэсгэлэн зохион байгуулж олон нийтэд сурталчилсан.

Олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж дурсгалт газрын малтлага судалгааны талаар дотоод гадаадын эрдэмтэн судлаачдад танилцуулсан нь Дуурлиг нарсны дурсгалт газрыг Монголд төдийгүй дэлхийд таниулан сурталчилахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болжээ.

Эндэхийн 2-р булшийг малтах явцад эрт цагт булшийг тонох үед ашигласан бэхэлгээ модны үлдэгдэл илэрч, түүнээс авсан дээжийн он цаг НТ I зууны төгсгөлд холбогдохоор байсан нь Хүннүгийн булшийг тонож сүйтгэсэн цаг хугацааг тодруулахад чухал хэрэглэгдэхүүн болсон байна гэж судлаач Г.Эрэгзэн бичжээ.

Дуурлиг нарсны язгууртны цогцолбор дурсгалуудыг судлах ажил дуусаагүй хоёр дахь удаагийн малтлага судалгааны ажил ид үргэлжилж байна.

Дуурлиг нарсны цогцолбор дурсгалд хоёр дахь томоохон судалгааны ажил эдүгээ ид үргэлжилж байна. 2017 оноос энэхүү судалгааны ажил эхэлсэн ч 2023 оноос хамгийн том 160-р булшийг малтах ажил эхэлжээ.

Монголын археологийн түүхэнд хамгийн томд тооцогдох энэхүү булшны нийт урт нь 77 метр, 40×40 харьцаатай чулуун байгууламжтай, 30 орчим метрийн үүдэвчтэй, байгууламж доторх булшны хэмжээ 32 м урт, 27 м өргөн аж. Үндсэн байгууламжийн голд байх тонуулчдын нүх 5.5 м голчтой дугуй хэлбэртэй байгаа нь ямар том булш вэ гэдгийг илтгэх ажээ.

Хүннүгийн язгууртны булшны онцлог нь гадна талын хэмжээ том байх тусам тухайн оршуулсан хүний зэрэг дэв өндөртэй байсныг гэрчилдэг. Тиймээс 160-р булш нь Хүннүгийн хаан /шаньюй/-гийн булш байх өндөр магадлалтай гэнэ. Харин яг аль үеийн шаньюй гэдэг нь судлаачдын анхаарал татаж байгаа.

Өнгөрсөн 2025 онд малтлага 8 метр гаруйд хүрсэн бол энэ 2026 онд хэдийн 15 метр малтаад байгаа аж. Хүннүгийн урд өмнөх том булшнуудын малтлага 20 гаруй метрийн гүнд хүртэл үргэлжилж байсныг бодолцвол дахиад 5-аас дээш метр малтагдах магадалтай юм. Уг булш нь Монголын төдийгүй дэлхийн археологийн ШУ-нд томоохон нээлт болно хэмээн сулаачид итгэж байгаа юм. Юутай ч энд хүрээд түр азная.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn