Унтаж байгаа юм шиг байсан манай улстөр сэрж эхэллээ. Намрын улстөрийн гол асуудал Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал байх нь өнгөрсөн хавар тодорхой байсан. Тэр ч ёсоор болсон.
АН-ынхан өнгөрсөн долоо хоногт 4/11 хэвлэлийн хурлаараа УИХ дахь намын бүлгийн 42 гишүүн нь бүгд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэж мэдэгдсэн билээ.
Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн “Шунхлай”-н П.Батчимэг Н.Учралын Засгийн газрыг огцруулья гэж байна.
АН-ын УИХ дахь бүлгийн бүх гишүүд намын дарга О.Цогтгэрэлийнхээ албан бланкан дээрх Засгийн газарыг огцруулах бичигт гарын үсэг зурсан эсэх тухай асуудлыг хөндье.
42 гишүүн бүгд гарын үсгээ зурсан хэмээн АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Жаргалан мэдэгдсэн ч удалгүй Ч.Лодойсамбуу гишүүн би гарын үсгээ зураагүй гэсэн. Тэрбээр “Би Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй. Зурах ч үгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Эндээс бусад 41 гишүүн бүгд уг бичигт гарын үсгээ зурсан уу гэсэн асуудал гарч ирж байна. АН-ын бусад гишүүд ч гарын үсгээ зураагүй байх магадлал тун өндөр болох тухай ярих, бичих хүмүүс тэр дундаа мэдээлэлд ойр АН-ын гишүүд ч цөөнгүй байна.
Тэр дундаа тухайлбал АН дотор бүлэглэл үүсгэн явах болсон О.Амгаланбаатар тэргүүтэй нөхдүүд уг бичигт гарын үсэг зураагүй байх гэх хүн олон байна.
О.Амгаланбаатар нар “Ардчиллын сэргэлт” хэмээх холбоог байгуулсан гэдэг. Тус холбоонд Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, Ц.Баатархүү, Д.Батчимэг, Ж.Баярмаа, Д.Энхтуяа, П.Мөнхтулга,С.Одонтуяа, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн, Д.Жаргалсайхан, Б.Түвшин, Х.Болормаа нар багтаж байгаа.
Эдний зарим нь Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан байлаа ч бүгд гарын үсэг зурахгүй нь ойлгомжтой болох тухай олон хүн ярьсаар байна. Өнөөгийн манай улстөр хоёр бүлэглэлд хуваагдаад тогтчихсон энэ үед аль ч намын бүлгийн бүх гишүүдийг нэг болгон зангидах аргагүй гэдэг нь эндээс харагдана.
Үүний зэрэгцээ цагтаа “Шударга 5”-ын нэг гэгдэж, АН-аар овоглож явсан, бүр өмнөх сонгуулиар тус намаас УИХ-д дахин нэр дэвшээд унасан Ж.Батзандан хэвлэлийн хурал хийж, нам явцгүй болсон хэдүүлээ дугуйлан байгуулаад системийн өөрчлөлт хийе хэмээн гарч ирсэн.
