Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайг хахууль авах, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагаас шалгаж байгаа.
Тиймээс түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 22-ноос хойш цагдан хорьсон. Сүүлд өнгөрсөн долоодугаар сарын 22-нд түүнийг цагдан хорих хугацааг шүүхээс 30 хоногоор сунгасан.
Албаны эх сурвалжийн мэдээллээр, энэ сарын 7-ны өдөр Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүхээс түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлан суллажээ.
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн мэдээллээр, Т.Даваадалай нь нийт 6.6 тэрбум төгрөгийг ААН-үүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
-Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,
-Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг,
-Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан билээ.
