Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн амиа алдаж, Сөүл хот бэлэн байдалд шилжжээ

-Ачааны автомашинууд нийслэл хотын авто замуудыг усаар шүршиж, сувилагч нар эрсдэлт бүлгийн иргэдийг эргэж байх ба халууны давалгаа баруун чиглэлд шилжиж байна-

Өмнөд Солонгос улс түүхэндээ хамгийн өндөр хэмд хүрсэн үхлийн аюулт хэт халалтад нэрвэгдээд байгаа энэ үед Сөүл хот   хэт халалтын ноцтой аюулын  сануулгыг ард иргэддээ өгч эхэлжээ.

Тус улсын зүүн өмнөд хэсгийн Янгсан хотод ням гарагийн үдээс хойш агаарын температура +42.5 хэмд хүрсэн нь цаг уурын ажиглалтын 122 жилийн түүхэн дэх хамгийн өндөр буюу улсын түүхэн рекорд амжилт болсон бөгөөд одоо энэ аагим халуун баруун чиглэлд шилжин, 9 сая гаруй хүн амтай, шигүү суурьшсан нийслэл хотод ойртож байна.

Нийслэл хотод мягмар гарагт +38 хэм хүрч,  дараа нь гурван өдөр дараалан +37 хүрч   халах төлөвтэй байна.

Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээлснээр, таван сараас хойш Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн амиа алдаж, 2,000 гаруй хүн халуунаас үүдэлтэй өвчлөлийн улмаас эмчлүүлжээ.

Мягмар гарагт болсон Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхийлөгч Ли Жэ Мён албан тушаалтнуудад иргэдийн өдөр тутмын амьдралыг хамгаалах шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, агааржуулагчийн хэрэгцээ огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан цахилгаан эрчим хүчний системд шалгалт хийхийг уриалав.

“Энэхүү цаг агаарын хэт халалт нь хэвийн үзэгдэл болж байгаа тул бид үндэсний хямралын эсрэг системийг иж бүрнээр нь үндсээр нь шинэчлэх хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна” гэж тэрээр хэлэв.

Сөүл хотын эрх баригчид даваа гарагт яаралтай хуралдаан хийж, халалтыг сааруулах болон эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах санаачлагуудыг  эхлүүлэв.

Сувилагч нар ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон архаг хууч өвчинтэй хүмүүсийг оролцуулан хамгийн эрсдэлтэйд тооцогдсон 63 мянга  хүртэлх оршин суугчдад үзлэг, эргэлт хийж байна.

Сөүл  хотын дулааны өсөлтийг бууруулах туршилтын хүрээнд 200 тусгай зориулалтын машинаар  2 000 км урттай авто замуудыг усаар шүршиж байна. Эдгээр автомашинууд хамгийн их асуудалтай бүс нутгуудад өдөрт зургаа хүртэл удаа ажиллаж байгаа юм.

Мөн хотын эргэн  тойронд   усан мананцар шүрших хэсгүүд байрлуулжээ.

Бусад газруудад, тухайлбал Умард Гёнсан мужийн албан тушаалтнууд чанга яригчаар тоноглогдсон дронуудыг нисгэж, аюулгүй байдлын мэдээллийг цацаж байна. Мөн эдгээр дронууд нь зуны амралтаараа олноор цугласан хүмүүстэй бүс нутгуудын дээгүүр дулаан мэдрэгч бүхий камеруудыг ашиглаж байгаа юм.

Даваа гарагт тус улсын хамгийн өндөр хэм Гориён дүүрэгт +41.2 хүрсэн бол  олон  хот, бүс нутгуудад  +41 хэмийг давжээ.

Гадаа ажилладаг ажилчид энэхүү дарамттай халууны гол цохилтыг амсаж байна. Сөүл хотын нэгэн барилгын ажилчин  “Бид цаг тутамд 10 минутын засвар авдаг ч энд сэнс ч байхгүй учраас бидний хийж чадах ганц зүйл бол сүүдэрт суух л байна . Би маш их хөлөрч байгаа болохоор хувцас маань арьсанд хүрэх болгонд шүргэж, арьс шалбалж байна” гэжээ.

Солонгосын Цаг уурын газар (KMA)-аас энэхүү хэт халалтыг цэлмэг тэнгэрийн доорх нарны шууд, хүчтэй тусгал болон Солонгосын хойг дээр давхацсан өндөр даралтын системүүдтэй холбон тайлбарлаж байна.

Зүүн өмнөд хэсэгт орших Өмнөд Гёнсан мужийн халуун нь “Фён үзэгдэл” буюу салхи уулын нурууг даван гарахдаа нөгөө талдаа илүү халуун, хуурай болж хувирдаг үзэгдлийн улмаас  улам эрчимжжээ.

Хэт халалтын холимогт нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл бол чиглэлээсээ хамааран нөхцөл байдлыг дээрдүүлэх эсвэл дордуулах боломжтой “Дельфин” тайфун юм.

Энэхүү тайфун Хятадын зүүн хэсгийг чиглэн хөдөлбөл чийгшлийг нэмэгдүүлж, Солонгост хэт халалт болон “тропикийн шөнө” (шөнөдөө хэт халуун байх)-ийг улам дордуулж болзошгүйг KMA мэдээлэв. Бага зэрэг хойгийн өмнөд хэсэгт ойртуулах замнал нь илүү хүчтэй салхи, үүлэрхэг цаг агаар болон бороо авчирч, халууныг түр хугацаанд сааруулж магадгүй юм.

Даваа гарагийн байдлаар “Дельфин” тайфун Солонгосын хойгоос өмнө тийш орших Японы Окинава арал руу баруун чиглэлд хөдөлгөөнөө үргэлжлүүлж байв. Энэ нь цаашид улам суларч, нэг эсвэл хоёрдугаар зэрэглэлийн тайфун хэлбэрээр эрэгт бууна гэж таамаглаж байна.

Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн үр дүнд хэт халалт зэрэг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн давтамж болон эрчим улам бүр нэмэгдэж байгааг эрдэмтэд анхааруулсаар байна.

Эх сурвалж: theguardian

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn