“Хаадын зам -2026” эвент арга хэмжээ Алтан ургийн язгууртан Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн Галуутайд “Миний нутаг-2026” яруу найргийн өдөрлөгөөр үргэлжиллээ.
“Чингис хаан” үндэсний музейн санаачилгаар, Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, “Шувуун саарал” утга зохиолын нэгдэл, Баяндэлгэр сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төв, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Миний нутаг-2026” хүүхдийн шүлгийн уралдааныг зохион байгуулжээ.
Арга хэмжээний хүндэт зочдоор “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Аймгийн ЗДТГ-ын зөвлөх Б.Отгонбаяр, СУАЖЗГ-ын дарга Б.Тунгалаг, Баяндэлгэр сумын Засаг дарга Д.Энхсүх, Монгол Улсын гавьяат хуульч, яруу найрагч Ш.Сүхбаатар, СГЗ, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Баяржаргал, СГЗ, Д.Нацагдоржийн шагналт, хүүхдийн зохиолч О.Сундуй, Д.Нацагдорж сангийн тэргүүн Ө.Мягмар нар оролцжээ.
Шүүгчээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, дэд профессор О.Шинэбаяр тус хүрээлэнгийн Утга зохиол, салбарын эрхлэгч, дэд профессор Д.Цэвээндорж, тус хүрээлэнгийн Компьютер хэл шинжлэлийн лабораторын эрхлэгч, доктор Т.Пүрэвсүрэн нар ажиллалаа.
Уралдаан 2026 оны долдугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутай дахь их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн төрсөн гэрийн буурин дээр болж, Төв аймгийн 27 сумаас шалгарсан ЕБС-ийн сурагчид авьяас билиг, үгийн цэцээрээ өрсөлджээ. Хоёрдугаар шатанд шалгарсан шилдэг найман сурагчаас
Батсүмбэр сумын 12б ангийн сурагч Оюунболдын Онон “Тоонот заяа” шүлгээрээ тэргүүн байр,
Лүн сумын 11а ангийн сурагч Батболдын Үржинлхам “Ганцаардал” шүлгээрээ дэд байр,
Зуунмод сумын 3 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Батцэнгэлийн Аззаяа “Шүтье” шүлгээрээ гутгаар байр тус тус эзэллээ.
Эхний гурван байрт шалгарсан сурагчдад өргөмжлөл, мөнгөн шагнал, шилдэг наймд шалгарсан сурагчид болон нийт оролцогчдод зохион байгуулагч болон ивээн тэтгэгч байгууллагын шагналыг “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун тэргүүтэй хүндэт зочид гардуулан өглөө.

Эх сурвалж: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
