Балетын олон улсын тэмцээнээс Б. Дөлгөөн хүрэл медаль, Л.Энхжин тусгай байрын шагнал хүртжээ

Балетын олимп хэмээгддэг Москва хотноо дөрвөн  жилд нэг удаа зохион байгуулагддаг Олон улсын балетын тэмцээнд 30 орны 158 уран бүтээлчид өрсөлдөн УДБЭТ-ын балетын гоцлооч Б. Дөлгөөн хүрэл медаль, Л.Энхжин тусгай байрын шагналын эзэд болжээ.

Монголын балетын түүхэнд энэхүү уралдаанд 1981 онд МУАЖ Ю.Оюун хүрэл медаль хүртэж, О.Батсайхан дипломант болж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Б.Жамьяндагва шилдэг бүжиг дэглээчийн шагнал гардаж байсан бол 1993 онд МУСТА У.Бат-Эрдэнэ мөнгөн медаль, 2022 онд Ө.Мөнхжин дипломант болсон түүхтэй.

Харин энэ удаа Монголын уран бүтээлчид дахин түүхэн амжилтыг бүтээж, нийт оролцогчид гуравдугаар шатанд шалгарсан бахдам амжилтыг үзүүллээ.

Энэхүү амжилт нь зөвхөн уралдаанд оролцсон уран бүтээлчдийн ялалт бус, Монголын балетын урлагийн өнөөгийн хөгжил, багш, шавийн залгамж холбоо, олон жилийн уйгагүй хөдөлмөр, тэсвэр хатуужлын үр дүнг дэлхийн тайзнаа батлан харуулсан онцгой үйл явдал боллоо.

Монголын балетын ирээдүй, залгамж халааг бэлтгэн хүмүүжүүлдэг Монгол Улсын Консерватори болон сонгодог урлагийн голомт болсон Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр хамт олонд энэхүү түүхэн амжилтын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа бахархалтайгаар дуурсгаж, Монголын балетын урлагийн шинэ хуудсыг хамтдаа бичилцсэн нийт уран бүтээлчид, шавь нараа чин сэтгэлээсээ бэлтгэн сургасан эрхэм багш нартаа халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье гэж УДЭТ-аас мэдээлжээ.

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn