1976 оны 12 дугаар сарын 29-нд Сэлэнгэ–Эрдэнэтийн 64 км урт ус дамжуулах хоолойн байгууламжийг ашиглалтад хүлээн авсан нь Монгол Улсын анхны гидротехникийн байгууламжуудын нэг байв.
Ус дамжуулах байгууламжийн барилгын ажлыг 1974 оны эхний хагаст ус татах цооногийн хэсгээс “СОТ-1”-ийн усны аж ахуйн барилгын анги эхлүүлж, цаашдын ажлыг “Медьмолибденстрой” удирдах газрын дэргэд тусгайлан байгуулсан СУ-4 байгууллага үргэлжлүүлэн гүйцэтгэжээ.
Ийм төрлийн байгууламжийг өвлийн улиралд ашиглалтад оруулж, ус шахахыг зөвшөөрдөггүй байсан ч “Медьмолибденстрой” болон үйлдвэрийн удирдлагууд зөвшилцөн туршилтын ус шахалтыг хийсэн байна.
Туршилтын үеэр 8000 метр урт гагнаасан хоолойн нэг ч холбоосоос ус алдаагүй нь уг байгууламжийн барилга угсралтын ажлын чанарыг батлан харуулсан гэдэг.
1977 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ мөрний ус Эрдэнэтийн хэрэглэгчдэд анх удаа хүрсэн нь 18 сарын турш байгаль цаг уурын хүнд нөхцөлийг үл ажран өдөр, шөнөгүй хөдөлмөрлөсөн барилгачид, инженерүүдийн хөдөлмөрийн үр дүн байв.
Ийнхүү 50 жилийн өмнө байгуулсан Сэлэнгэ–Эрдэнэтийн ус дамжуулах байгууламж нь өнөөдөр ч Эрдэнэт хотын хөгжил, иргэдийн амьдралын чанар, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах чухал үүргээ гүйцэтгэсээр байна
