Далан давхарын оршуулгын газрыг долдугаар сарын 26-наас чөлөөлж эхэлнэ

Монгол Улсын Их хурлаас баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон НИТХ-аас баталсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор

Шинэ нэрээр Самбалхүндэвийн, хуучин нэрээр Далан давхарын оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажлыг 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлэхээр болжээ. Тиймээс талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийн санал, хүсэлтийг харгалзах учир талийгаачдын ар гэрийг холбоо тогтоохыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдэгдсэн байна.
Мэдэгдэлд заасан хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд шарилуудыг зохих ёсоор Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд байршуулах аж.
Мөн дараах байршилд байгаа булш, бунхныг www.sambalkhundev.mn цахим мэдээллийн сангаас үзэх боломжтой юм байна.
Мөн тус оршуулгын газрын нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг оруулжээ.

“Далан давхар (Самбалхүндэв)-ийн оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн байна.
Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоол, 2015 оны 15 дугаар тогтоолд тус оршуулгын газрыг нөөцгүйн улмаас хааж, хил хязгаарыг тогтоосон байдаг.
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолд тусгаснаар тус оршуулгын газар нь 73,9 га талбайтай, мөн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн хүрээнд хийсэн тооллогоор 47,6 мянган шарил байх бөгөөд 35,3 хувь буюу 16,8 мянга нь эвдэрч муудсан, 1,1 хувь буюу 0,5 мянга нь ухагдаж тоногдсон байдалтай байна.

Улмаар Чингэлтэй дүүргийн суурьшлын бүс, цаашлаад нийслэл хотын хүнсний үндсэн түүхий эдийн захтай зэрэгцэн оршиж буй тус тухайн оршуулгын газрыг нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2015 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд олон улсын жишигт нийцүүлэн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг.
“Нью Семетри” ХХК-ийн зүгээс олон жилийн хүлээлт үүсгээд буй тус төслийн ач холбогдлыг харгалзан төр, хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишиг тогтоох хүрээнд Далан давхар (Самбалхүндэв)-ын оршуулгын газарт Дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв барих төслийг санаачлаад байна.
Төслийн хүрээнд тус оршуулгын газрын 10 га талбай дахь талийгаачдын булшийг холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн газраас гарган чандарлаж, чандарыг шинээр байгуулах Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залахаар төлөвлөсөн болно.Төсөл санаачлагчийн зүгээс 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны 4 сард хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт 10934 булш тоологдсон.
Тус ажлын хүрээнд Чөлөөлөлтийн талбайд орсон нэр тодорхой булшны нэгдсэн мэдээллийн санг үүсгэсэн бөгөөд www.sambalkhundev.mn сайтын хайлтын хэсгээс шүүлт хийх боломжийг бүрдүүлсэн” гэжээ.

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn