“Хүрээ цам-Даншиг наадам”-ын түрүү бөх 30 сая төгрөгийн бай шагналтай

“Хүрээ цам-Даншиг наадам 2026” соёл, шашны наадам энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн наадмын гол онцлог нь малын шүлхий өвчний дэгдэлт гарсантай холбогдуулан хурдан морины уралдаан болон морьт харвааны тэмцээнийг цуцалсан бөгөөд бөх, сур, шагайн харвааны төрлүүдэд бай шагналыг үлэмж нэмэгдүүлжээ.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Ахлах мэргэжилтэн Г.Бямбасайханы мэдээлснээр, улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны цахим бүртгэл www.devjee.mn системээр зургаадугаар сарын 26-ны 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд одоогоор 160 гаруй бөх бүртгүүлээд байна. Өмнөх жилүүдэд Даншиг наадмын бөхийг цол харгалзахгүй сугалаагаар барилдуулж, даншгийн цол олгодог байсныг өнгөрсөн 2025 оноос эхлэн зогсоосон.

Энэ жил ч мөн адил МҮБХ-ны дүрмийн дагуу төрийн наадмын цолын эрэмбээр барилдуулах бөгөөд бөхчүүд гурвын даваанаас эхлэн ам авч барилдахаараа онцлог юм.

Энэ жилийн бөхийн бай шагналыг өндөр тогтоосон бөгөөд түрүүлсэн бөх 30 сая, үзүүр бөх 20 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүд тус бүр 14 сая, дунд шөвгийн бөхчүүд тус бүр 4 сая төгрөгийн шагнал гардана. Наадмын нээлт зургаадугаар сарын 27-ны 11:40 цагт болж, бөхийн нэгийн даваа эхлэх бол хоёр дахь өдөр нь Цам харайх ёслолын дараа дөрвийн даваанаас үргэлжлэх тул бөхчүүдийг замын ачааллыг тооцон, цагтаа ирэхийг зохион байгуулагчид сануулав.

Мөн Хүй долоон худаг дахь Үндэсний сурын талбайд болох сур харвааны тэмцээний бүртгэл www.ikhtsets.mn системээр явагдаж байгаа бөгөөд одоогоор 120 орчим харваач бүртгүүлжээ. Оролцох харваачдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа тул энэ жил бай шагналыг нэмж, эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 10 тамирчныг шагнаж урамшуулахаар болсон байна. Үүнээс гадна уухай шагай харвааны төрөлд 40 багийн 500 гаруй харваач цэц мэргээ сорихоор бэлтгэл хангаж байна.

Наадамчин олонд зориулж “Төв цэнгэлдэх хүрээлэн–Хүй долоон худаг” болон “МУБИС–Хүй долоон худаг” гэсэн хоёр чиглэлд тус бүр найман автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хаалтын арга хэмжээ зургаадугаар сарын 28-ны орой 20:00 цагт Сүхбаатарын талбайд болох бөгөөд энэ жил 55 жилийн ой нь тохиож буй, 1971 онд байгуулагдсан ууган “Соёл-Эрдэнэ” хамтлагийн үе үеийн уран бүтээлчдийн нэгдсэн хүндэтгэлийн тоглолтоор наадам өндөрлөх юм.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn