Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ, тэтгэврийн зөрүү арилна, хөдөлмөр эрхлэлтээ дэмжинэ гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэв.
Тэтгэврийн даатгалын сангийн урт, дунд хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн параметрийн болон бүтцийн шинэчлэлийг даатгуулагч, ажил олгогч, тэтгэвэр авагч болон улсын төсөвт үзүүлэх ачааллыг харгалзан аажмаар, зохистой байдлаар үе шаттай хэрэгжүүлэх, залуу үед ирэх санхүүгийн ачааллыг бууруулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага нэмэгдэж байна. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, дараах нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгалаа. Үүнд:
– Ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд хязгаар тогтоох, ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах, гарааны бизнесийг эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлөх
-Тэтгэвэр авагчдын тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд сайн дурын үндсэн дээр хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх даатгуулагчид төрөөс тодорхой хугацаанд урамшуулал олгох;
– Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, нийгмийн хамгааллын баталгааг хүрээнд анх удаа нийгмийн даатгалд хамрагдсан тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчийг нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох;
-Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээ байгуулан ажиллаж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлогт нийцүүлэн нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлөх боломжийг бүрдүүлэх зэрэг болно.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн тогтолцоог өөрчилнө. 5.8 их наяд төгрөг зарцуулсан ч алдагдал буурахгүй байна. Бага төлсөн нь илүү илүү төлсөн нь бага төлдөг зарчмаар явсан юм байна. Монголчуудын амьдралын чанар сайжирч дундаж насжилт нэмэгдэж байна.
Цаашид тэтгэврийг тогтолцооны хувьд шударга болгоно. 20, 30 жил ажилласан иргэдийн тэтгэврийн хэмжээ адилхан байгаад байна. Өөрөөр хэлбэл, олон жил ажилласан, жил нь урт байгаа ч тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа иргэд бий. Тогтолцоо нь буруу байхаар тэтгэвэр нэмсэн ч өөрчлөлт гарахгүй байна.
Миний хувьд 2020 онд тэтгэврийн шинэчлэлийг ахалж байсан. Тэтгэврийн шинэчлэл хамрагдалтын хүрээгээ нэмнэ. 504 мянган иргэд тэтгэвэр авч байгаа, үүнээс 10 хүний зургаа нь бага тэтгэвэртэй байна. Нэг нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд даатгуулагч 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэврээр хангана.
Энэ тогтолцоо олон улсад бий. Мөн тэтгэврийн даатгалаас хагас хуримтлал руу шилжүүлнэ. 2013 оноос өмнөх 1,4 сая төгрөгийн цалингийн дээд хязгаараас тэтгэвэр бодсоныг 2,4 саяас боддог болно. 25-аас дээш жил ажиллавал тэтгэврийн нэмэгдэл 1,5 хувь байсныг 2 хувь болгоно. Тэтгэврийн зөрүүг арилгаж шударга тогтолцоог бий болгоно. Тиймээс тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл хийх хуулийг УИХ-д өргөн барина. Тэтгэврийн тогтолцоог хийхийн тулд төсөвт 2,4 их наяд төгрөгийн ачаалал нэмэгдэнэ” гэсэн юм.
