Зууны манлай поп дива, МУГЖ Б.Сарантуяа өнгөрсөн бямба гарагт “Хайрын бурхан-Урлагт зүтгэсэн 40 жил” тоглолтоо хийсэн билээ.
Тэгвэл уг тоглолтын дараа, өчигдөр гитарчин, ая зохиогч Өөжгий буюу Өлзий-Орших фэйсбсүүктээ дараах зүйлийг бичсэн нь хэрүүлийн алим тариад байна.
Гитарчин, ая зохиогч Өөжгийгийн бичсэнийг зөв бичгийн дүрэмээр засан дор сийрүүлбэл:
“Унтаж унтаж сэрсэн чинь: “Чи муу яахаараа Сарантуяагийн тоглолт руу очдоггүй юм! Ариунаа та хоёр л тэнд алга! (Ариунаа яагаад тэнд очоогүйг мань яаж мэдэх юм бэ)” энээ тэрээ гээд баахан хүн мессеж бичсэн байна.
Энүүгээрээ дамжуулаад нэг мөр хариу өгчихье дөө.
Нэгдүгээрт, надад ямар нэгэн урилга, билет ирээгүй. Зохиосон дуугаараа нэрлэсэн тоглолтыг ямар өөрөө тасалбар авч үзэлтэй нь биш. Тэгээд ч миний энэ муу хуудсыг (page) дагадаг улс намайг нэг моторын тос зарчих гээд яваад байдгийг мэдэж байгаа. Тэр үеэр нь “Талын салхи” болоод нөгөө муу тосныхоо сурталчилгааг тэнд хийж 2 хоног зогслоо. Урлаг, уран сайхнаа орхисон тул ямар нэг байдлаар би гэдэг хүн амьдралаа залгуулах ёстой л болов уу.
Хоёрдугаарт, очихгүй байх бас нэг шалтгаан байсан нь хэд хоногийн өмнө нэг хүн залгаад “Агуу Сарантуяа, Нансалмаа хоёрын нэвтрүүлгийг үзээрэй. Өөрийгөө хэн гэдгээ мэдэж ав!” гэж байна. Үзэв. Манийгаа болгож тавьж байна. “Түгжил” л гэнэ. “Машин нь хуучирсан, эхнэр нь хөгширсөн, гуйлгачин түүлэгчин. Мөнгө хэрэгтэй бол надаас ав” л гэнэ. Яаж Түгжил болсноо огт ойлгосонгүй. Бодоод бодоод олсонгүй.
Бусад нь бол үнэн. Долоо хоногтоо л 2-3 газар 5-аас дээш саяар дуулдаг том одын дэргэд би чинь гуйлгачин байлгүй яах вэ. Уриагүй бас нэг шалтгаан нь тэр байх. Урилгын ганган зочдын дэргэд хувцас хунар муутай, хуучин машинтай би ялгараад хэцүүдэх байсан байх. Тэгэхдээ амьдралдаа тэр том одоос мөнгө гуйж үзээгүй нь бас үнэн. Хичнээн “Бедный музыкант” ч гэлээ ойн нарс шиг олон сайхан ах дүү нар, найз нөхдийнхөө буянд ер нь хоосон хонож, явган яваагүй хөөн.
Харин том од маань миний тоглолтод орохдоо 2013 онд нүүр будагны мөнгө гэж 700 мянга (700K) авч байсан нь, 2023 онд миний сүүлчийн тоглолтод “мөнгө өгөх юм бол очно” гээд ирээгүй бас нэг кэйс бол бий. Ойр тойрны хүмүүс маань бол мэдэж байгаа.
“Урлаг, зохиогчийн эрхийг дэмжье, энэ чиглэлээр бизнесийн түвшинд ажиллая” гэсэн хэсэг нөхдөдөө өөрийнхөө зохиосон аль гайгүй гэсэн 22 дууныхоо эрхийг шилжүүлээд өгчихсөн гэдгийг. Тэгэхээр “Хайрын бурхан” тэргүүтэй тэдгээр дуунууд одоо тэр хүмүүсийн оюуны өмч. Тэгэхээр өмчгүй болсон намайг урих шалтгаан байхгүй байсан байх оо.
Ер нь хүн хөгшрөх дэмий юм байна. Уржнан бас нэг дуучин намайг тоглолтондоо уриад “Өөрийнхөө дууны гитарыг тоглоодхооч” гэхээр нь яваад очтол найруулагч нь намайг тайз руу гаргаагүй. Тэр хооронд нөгөө дуучин маань харин манийгаа шоолох, доромжлох хоёрын дундуур баахан юм ярьж, хүмүүсийн амны зугаа, инээд болгоод дуусгасан.
Би танай энэ урлагаас чинь явчихсан байгаа шүү. Багахан оролдоорой гэж гуйя. Уур хүрээд эргээд ирвэл бас чадна. Өөрийнхөө хэмжээнд дуу зохиож, гитар дуугаргаж чаддаг хэвээрээ л байгаа. Тэгэхдээ хүсэл алга” хэмээн бичжээ.
Тэгвэл “алим” хаанаас өнхрөв?
МУГЖ Б.Сарантуяа ч,гитарчин Өөжгий ч адилхан Монголын рок, поп урлагийг хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн хүмүүс.
Тэгвэл алим анх 2024 онд Өөжгий буюу Д.Өлзий-Орших ая зохиогчдын зохиогчийн эрхийн асуудлаар бусадтайгаа ярилцалгүй шүгэл үлээснээс болсон бололтой.
Өөжгий 2024 онд өөрийн ая, дуугаа оюуны өмчөөр хамгаалуулж, дуучдаас татан авч буйгаа мэдэгдсэн билээ. Тодруулбал, “Номин талст” хамтлагт өгсөн дуунуудыг Хаянаа, Дээгий нараар дуулуулахгүй гэх утга бүхий мэдэгдлийг хийж, тэдний дунд маргаан дэгдэж байлаа.
Түүнчлэн “Хайрласан сэтгэл” болон “Хайрын бурхан” дуунуудаа дуучин Сараагаас татаж авч байгаагаа сошиалаараа мэдэгдэж байжээ.
Харин энэ тухай нь Сараа сая тоглолтынхоо өмнө ярилцлага хийхдээ ярьжээ.
Сараа ингэж ярьсан байна:
“Надтай уулзаад хэлэх байсан үгээ зүгээр л хэвлэл мэдээлэлд хэлчихсэн. Манай Ангирмаа бол хоншоортой хэлж байна лээ. “Энэ дуугаа дуулаад өгөөчээ, мөнгө авахгүй ээ” гэж хэлж дуулуулчихаад ингэж новширч байна гэж. Мөнгө хэрэгтэй байсан бол өгч болно шүү дээ.
Хамгийн гол нь надад хэлэхгүйгээр олон нийтэд тэгж хэлнэ гэдэг чинь түгжигдэж л байна гэсэн үг л дээ.
Ер нь яс юман дээрээ бол ийм байдаг шүү дээ.
Хөрш хоёр найз байсан байна. Нэг нь ингээд “Фирари”, “Бентли” унаад л, гоё мисс охидтой зугаалаад яваад байсан. Нөгөөх нь бол яах вэ, нэг даруухан, царай муутай ч юм уу айл болгонд байдаг нэг даруухан охинтой гэрлээд л.
Тэгснээ сүүлдээ байшингаа томруулж, сүүлдээ бүр пентхаус ч юм уу гоё байшинтай болоод явчихлаа.
Гэтэл нөгөө найзын Церраригийнх нь загвар нь хуучраад, миссүүд нь хөгшрөөд, тэгээд илүү мөнгөтэй хүн дагаж яваад ч юм уу. Одоо ингээд үнэт зүйлгүй болчихож байгаа байхгүй юу.
Өөжгий бид хоёр чинь тийм л болчихоод байгаа юм.
Би бол ингээд уран бүтээлээ цуглуулаад, нягтлаад, хөрөнгө оруулалтаа хийгээд, янзлаад цэгцлээд ингээд явсан байхад нөгөө хүн маань тэр уран бүтээлийг, “Хайрын бурхан” гэдэг дууг бүтээл болоход нэг ч хуруу хөдөлгөөгүй. Ядаж тэр тоглосон солыг нь ч өөрөө тоглоогүй байж дараа нь аягүй их юм ярих чинь…гэхчилэн ярьжээ.
Ингээд үүнийх нь хариуд гитарчин Өөжгий дээрх постыг бичсэн байна.
Эндээс харвал тэд 2024 оноос муудалцжээ. Шалтгаан нь Өөжгий гэнэт сошиалаар “Дууны эрхээ авна” гэх мэт мэдэгдэл хийснээс болжээ.
