Т.Мөнхдалайг “мөнгө угаах” гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьжээ

АТГ-аас нийслэлийн “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайг сэжигтнээр татан, 48 цагийн хугацаатай саатуулсан бол өчигдөр сарын хорихоор шийдвэрлэжээ. Тэрбээр нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн төрсөн дүү бөгөөд “Улаанбаатар метро” төслийн захирлаар ажиллаж байв.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай нь Туулын хурдны зам болон 1, 2-р тойрог замын төслүүдтэй холбоотойгоор эхнэр болон хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуйн нэгжийн дансаар нийт 6.6 тэрбум төгрөг шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй хэргээр хуулийн байгууллагад шалгуулж байгаа бөгөөд түүнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг гаргасан.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр Туулын хурдны зам болон 1-р тойрог замын төсөлд шалгарсан аж ахуйн нэгжүүдээс:

  • Эхнэр болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,
  • Эхнэрийнх нь найзын байгуулсан хоёр компанид 709 сая төгрөг,
  • Мөн эхнэрийнх нь 50 хувийг эзэмшдэг компаниар дамжуулан 47.9 сая төгрөгийг ажил гүйцэтгэсэн мэтээр шилжүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж мэдээлсэн юм.

Улмаар Авлигатай тэмцэх газраас /АТГ/ Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” үндэслэлээр яллагдагчаар татжээ.Дашрамд дурдахад, Т.Даваадалай 2026 оны өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд нийслэлийн Засаг даргын орлогчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.


Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос ирүүлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг тус тус үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан Т.Мөнхдалайд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2026 оны зургаадугаар сарын 04-ний өдөр шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан“…хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах,өөрчлөх, нуун далдах, хуурамчаар үйлдэх.. гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;” гэсэн үндэслэлээр яллагдагч Т.Мөнхдалайд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Яллагдагч Т.Мөнхдалайг 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 23 цаг 17 минутаас баривчилсан хугацааг түүний яллагдагчаар цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцох болно.

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn