Өнөөдөр манай гурван засаглалын нэг Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч шинээр тодорно. Өчигдөрхөн өмнөх Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн 6 жилийн хугацаа дууссан.
Харин Ерөнхий шүүгчийн томилгоотой холбоотойгоор УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа 6 жилээр сонгож томилно гэснийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон билээ.
Тэгээд Д.Ганзориг шүүгчийг дахин 6 жил Ерөнхий шүүгч болгох нь хэмээн шуугисан. Гэвч энэ нь зүгээр үзүүлэн төдий асуудал байсан бололтой. Өнөөдөр УДШ-ийн Ерөнхий шүүгчээр Ч.Хосбаярыг санал болгоно хэмээн асуудалд ойр хүмүүс ярьж, хэвлэлүүд бичиж байна.
Нээрээ ч Х.Баттулгын Ерөнхийлөгч байхдаа УДШ-ийн Ерөнхий шүүгч болгосон Д.Ганзоригийг У.Хүрэлсүх солихгүй бол баахан шүүмжлэлд өртөх байх. Өмнө нь Х.Баттулгыг үед АТГ-ын дарга болсон З.Дашдавааг улираасан. Мөн Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираасан. Тиймээс энэ удаа арай ч Д.Ганзоригийг улираахгүй байх гэдэг нь ийнхүү батлагдаж байх шиг.
Ч.Хосбаяр шүүгчийн хувьд Д.Ганзоригийг бодвол арай илүү гэх. 2021 онд УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч болсон аж.
Түүний шийдэлцсэн том хэргүүд гэвэл Сүхбаатар дүүргийн шүүгч байхдаа, 7 дугаар сарын 1-ний цагдаа нарын хэрэг, Н.Энхбаярын нөгөө олныг шуугиулсан хэрэг зэргийг шүүж байжээ.
Түүнийг мөн Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад дэвшин томилогдож ирсэн учраас түүний хүн гэлцдэг. Сүхбаатар дүүргийн шүүгч байгаад 2012 онд Нийслэлийн шүүгч, 2015 онд УДШ-д шүүгч болсон нэгэн.
