МАН-ынхан жагсаалын утга учрыг ёроолд нь аваачлаа

Монгол улсад бүх юм утгаа алдаж байгаагийн тэргүүнд нь жагсаал, цуглаан хийх тэмцлүүд орж байгаа.

Ер нь Монгол улсад 2008 оны 7 дугаар сарын 1 хүртэл жагсаал, цуглаан “үнэтэй” байсан юм. Үнэтэй гэдэг нь үнэ цэнэтэй байсан гэдгийг хэлэх гэсэн хэрэг. Түүнээс өнөөдрийнх шиг хэн нэгний хэдэн халтар төгрөгийг авч жагсаж, цугладаг биш гэдгийг тодорхойлон хэлж байгаа минь энэ.

Мөн хэлэхэд, 1989-1994 он хүртэлх цуглаан жагсаалуудын ихэнх нь үнэн байсан гэж болно. Түүнээс хойш алдарт 7 сарын 1 хүртэл бол мэр сэр захиалгат цуглаан, жагсаал хийж байгаа тухай яригдаж ирсэн байдаг.

Харин тэр үеэс хойшх 18 жилд болсон цуглаан жагсаал бол утгаа алдсан. МАН-ынхан 2012 оны сонгуульд ялагдчихаад Төрийн ордонд УИХ-ын гишүүд нь “буйдантай жагсаал” хийж, яруу найрагч, генсек Ж.Мөнхбат нь тэр үеийн эрх баригч АН-ын дарга нарын “ашиг сонирхлын зөрчлийн тухай” улигласан хар машиныг шатаасан гэх мэт жагсаалууд бол үнэндээ инээдэм байсан.

Тэр үед “АН засаглаж чаддаггүй, МАН жагсаж чаддаггүй” гэх үг трэнд болж байж билээ.

МАН-ынхан 2016 оноос хойш засаглаж байгаа ч хөрөнгө мөнгө, мега төслийн мөнгийг хэн нь их идэхээс эхлээд хоорондоо 10 жил “алалцаж байна”. Албан ёсны МАНАН хэмээх бүлэглэл буюу МАН-ын “Нийслэлийн мафи”-ийг дарахын тулд УИХ-д АН, МАН-аас сонгогдсон 5 гишүүн гарч тэмцсэн нь “Шударга 5” хэмээх нэр зүүсэн нь одоогоос 8-9 жилийн өмнөх үйл явдал. Тэдэн шиг төр, Засгийн газрын дэмжлэгтэй жагсаал хийж байсан тохиолдол ховор. Тэгж л мань “Шударга 5” жагсаал, цуглаан хэмээх тэмцлийг уланд очтол нь унагасан нь үнэн билээ.

Мөн МАН засагласан 10 жилд “эрх ашгийн зөрчил” хэнээгээ алдсан. Ах дүү, найз нөхөд, туслахуудаа дарга гишүүн болгох нь замаа алдаж, олон нийтийн дунд Энэтхэг шиг “Кастын систем” тогтлоо хэмээн байнга ярьж, бичихэд хүргэсэн. Түүнээс хойших жагсаал, цуглаанууд Засгийн газар ихэнх тохиолдолд  Ерөнхий сайдыг чиглэх болсон. Тэр байтугай “Шударга 5”-ын дууриалаар Ерөнхий сайд нь өөрийгөө авч гарахын тулд жагсагчдыг дэмжих, ивээн тэтгэх явдлууд ч гарах болсон.

Энэ бүхэн Монгол улсад цуглаан, жагсаал хэмээх тэмцлийн нэр хүндийг нэг мөсөн үгүй хийж, одоо жагсаал, цуглаан хийж байгааг харахаараа заавал хэн нэгний хатгаас, мөнгөөр нөгөөгийнхөө эсрэг тэмцэж байгааг нь олноороо бичиж, нийтэлж сошиалд бүллидэх болсон юм.

Үүнийг энэ өнгөрч буй хавар хангалттай харуулсан. Хотын Засаг дарга асан Х.Нямбаатарыг унагах, үгүй юм гэхэд нийслэлийн МАН-ын даргын суудлыг нь булаан авах санаархал МАН-ын нэг хэсэг байсан. Тухайлахад УИХ-ын гишүүн ХББОС-ны сайд Э.Бат-Амгалан нийслэлийн МАН-ын даргын суудлаас татгалзахгүйгээ мэдэгдэж байсан удаатай. Үүнээс болж Х.Нямбаатар, Э.Бат-Амгалан нар нэгнийхээ эсрэг цуглаан жагсаалыг зохион байгуулсан хэмээн дээр дооргүй ярьсан.

Э.Бат-Амгалан сайдын дүү Эрдэнэтийн “Зэс эрдэнэ” компанид ажиллаж байхдаа 30 тэрбумыг идсэн хэмээн тус компанийн хувьцаа эзэмшигчид жагсаж эхэлснийг Х.Нямбаатартай холбодог. Харин Нийслэлийн Хангарди ордны гадна Х.Нямбаатарын эсрэг цуглаан жагсаалыг Баянзүрх дүүргийнхэн голчлон хийснийг Э.Бат-Амгалан хийлгэсэн гэлцсэн. Энэхүү Э.Бат-Амгалангийн эсрэг цуглаан жагсаалын чимээ одоо ч алсраагүй л байна.

Тэгвэл УИХ төлийгүй Засгийн газарт тохой нийлүүлэн суух гишүүд ч нэгнийхээ эсрэг хийдэг хов, жив, хор бүхнийг гүйцээгээд эдүгээ цуглаан жагсаал руу ороод байна.

ЦХХ-ны сайд Ч.Номинг огцор хэмээн лайвчин Д.Мөнх-Эрдэнэ нар яамных нь гадаа жагсаал хийсээр хэд хонож байна. Үүнийг ГХ-ийн сайд Б.Батцэцэгийг хийлгэж байгаа хэмээх хардлага бий. Тэгвэл нөгөө хорхой хүртэл биед нь хүрэхээр атирдаг гэсэн үгтэй адил зүйл л дээ.

Б.Батцэцэг сайдын эсрэг Ч.Номин нар хоёр, гурван жил системтэйгээр “херо” технологиор дайрч ирсэн нь нууц биш. Энэ нь худал үнэн нь мэдэгдэхгүй “баримт”-уудыг сошиалд гаргаж, түүнийгээ троллуудаар тултал нь сэвүүлээд эцэст нь хууль хяналтын байгуулага руу нөгөө “баримт материал”-аа өгч шалгуулах хүсэлт гаргана. Тэгээд шалгаж амжаагүй байхад нь яагаад энэ сайдыг шалгадаггүй юм бэ хэмээн дахин сошиалаар сэвнэ. Ингэсээр тэрхүү хүнийг унагаж, дарж авдаг технологи л доо.

Ийнхүү эцсийн бүлэгт нэг ангийн УИХ-ын болоод Засгийн газрын гишүүд нэгнийхээ эсрэг цуглаан жагсаал хийж байгаа нь энэ.

Энэ бүх жишээ баримт нь манайд жагсаал, цуглаан хэмээх нь тэмцлийнхээ утга учрыг хэдийнэ гээснийг харуулж байгааг ахин дахин хэлэх, сануулахыг шаардаж байна.

О.Хуяг

 

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn