Парламентын сахилга, хариуцлагыг сайжруулах, нэр хүнд, иргэдийн итгэлийг дээшлүүлэх ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдаж, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ахалж ажиллаж байгаа.
Тэгвэл энэ талаар УИХ-ын дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр:
Л.Оюун-Эрдэнэ гишүүн маань С.Бямбацогт дарга парламентын засаглалыг унагаах гэж байна гэж ярьсныг Та бүхэн мэдэж байгаа. Тийм зүйл байхгүй.
Миний хувьд парламентын засаглалыг бэхжүүлэх, ардчилсан парламентынхаа үйл ажиллагааг сайжруулах, хэрхэн яаж сонгодог парламентыг бий болгох вэ гэдэг байр суурь дээр Их хурлын гишүүн болсон цагаасаа л байсан.
Гэхдээ ойлголцлын зөрүү байна. Тийм учраас ойлголцлын зөрүүгээ яаж арилгах вэ, парламентын засаглалыг хэрхэн бэхжүүлэх вэ, ардчилсан парламентаа яаж илүү сахилга баттай, хариуцлагатай, бас нэр хүндтэй болгох вэ гэдэг дээр хамтарч ажиллахаар Оюун-Эрдэнэ гишүүнээр ажлын хэсгийг ахлуулсан.
Одоогоор ажлын хэсэг маань дөнгөж байгуулагдаад, судалгааны шатандаа байгаа учраас тодорхой шийдэл танилцуулаагүй байна.Сайн судлах ёстой учраас тодорхой хугацаа орно.
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл орж ирэхэд л бүх юмыг эцэслээд шийдээд л, бүх юм дуусчихсан юм шиг ойлголт явсан.
Гэтэл цаана нь 6 хэлэлцүүлэг байж байгаа шүү дээ. Тиймээс энэ процесс дуустал Оюун-Эрдэнэ гишүүний ажлын хэсэг ажиллана. Олон улсын туршлага ийм байна, ийм шийдэл гаргавал парламентын засаглал улам бэхжих юм байна гэх мэтчилэн ярилцаад явна.
