Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-ийн Их суудлын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хянан шийдвэрлэж, шийдвэрээ 13:30 цагт танилцууллаа.
Уг хуралдаанд иргэн Г.Нацагдорж болон УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар оролцсон байна.
УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэж заасан байдаг. Иргэний зүгээс уг заалтын “…зөвхөн нэг удаа…” гэх хязгаарлалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, өмнө нь хүчингүй болсон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэж Цэцэд ханджээ.
ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаас Шүүхийн тухай хуулийн дээрх заалтын “зөвхөн нэг удаа” гэх хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзэн хүчингүй болгох шийдвэрийг гаргалаа.
Цэцийн гишүүн Р.Батрагчаа уг шийдвэрийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлав.
- ҮХЦ 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээрээ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд байсан “нэг удаа томилно” гэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгож байсан. УИХ тухайн үед уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хуулиас хассанаар Цэцийн шийдвэр эцсийн болсон байдаг.
- УИХ 2021 онд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа өмнө нь хүчингүй болсон заалттай эрх зүйн үр дагаврын хувьд яг адилхан “зөвхөн нэг удаа” гэх хязгаарлалтыг дахин оруулсан байна.
- Өмнө нь хүчингүй болсон хуулийн заалтыг УИХ агуулгаар нь дахин сэргээсэн нь ҮХЦ-ийн шийдвэр эцсийн байх зарчим болон Үндсэн хуулийн Хууль дээдлэх төрийн үндсэн зарчмыг (1.2, 64.1, 64.3, 67, 70.1 дүгээр заалтууд) зөрчсөн гэж үзлээ.
Шийдвэр: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “…зөвхөн нэг удаа…” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай. Энэхүү тогтоол нь эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болно.
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны энэхүү шийдвэр гарснаар Улсын дээд шүүх (УДШ)-ийн Ерөнхий шүүгчийг хугацаа нь дууссаны дараа дахин улиран сонгох, томилох эрх зүйн нөхцөл бүрдэж байна. Ингэснээр одоогийн УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг дахин улируулан томилох боломж нээгдэж байгаа юм.
