Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Австралийн холбооны Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар өнөөдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт уулзалтын эхэнд Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд 15 жилийн дараа хэрэгжиж буй албан ёсны айлчлал хоёр улсын болоод парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал алхам гэдгийг онцлон тэмдэглэв.
Хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, зах зээлийн эдийн засгийг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлстэйг УИХ-ын дарга тодотгоод, Монгол Улсын гуравдагч хөрш болох Австрали Улстай харилцааныхаа цар хүрээг өргөжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулан, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө буйгаа илэрхийлсэн юм.
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик, энэ удаагийн парламентын даргын айлчлал нь хоёр орны хамтын ажиллагаанд томоохон ахиц гарсны илэрхийлэл гэдгийг онцолсон.
Тэрбээр ирэх онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо гэдгийг тэмдэглэсэн. Энэ хугацаанд хоёр орны хооронд стратегийн, улс төрийн, эдийн засгийн болон хүн хоорондын харилцаа өргөжин тэлсээр ирснийг дурдаад, энэ удаагийн айлчлал дээрх харилцааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Сүүлийн жилүүдэд Монгол Австралийн хооронд улс төр, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа тун эрчимтэй өрнөж буй. Тиймээс хэлэлцээрийн үеэр хэд хэдэн асуудлыг хөндөж санал солилцлоо. Тухайлбал:
-Австралид зорчих монгол иргэдийн визийг хөнгөвчилж, Сидней хотод консулын үйлчилгээ нээх
-УИХ-ын дарга С.Бямбацогт Зам, тээврийн хөгжлийн сайд байхдаа үндсийг нь тавьж эхлүүлсэн хоёр орны Агаарын тээврийн хэлэлцээрийг ойрын үед байгуулж Монгол Австралийн хооронд шууд нислэгтэй болох
-Парламентын түвшинд улс төрийн итгэлцлийг улам бэхжүүлж иргэддээ ил тод, ээлтэй, НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ-ыг төлөвшүүлэхэд тус улсын сайн туршлагыг нутагшуулах
-Австралийн парламентын баталсан Нийгмийн сүлжээнд хүүхдийн эрхийг хамгаалах, Залилангаас урьдчилан сэргийлэх хуулиудаас туршлага судлах
-Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш 17 жилийн дараа анх удаа Монгол Улс ногдол ашиг хүртэх болсон сайн үр дүнг цаашид тогтвортой хадгалах
-Монгол Австралийн хооронд Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг ойрын үед байгуулах талаар санал солилцлоо.
-Мөн УИХ-ын дарга саяхан иргэн С.Шаарийбуу гуайтай уулзахад түүний тавьсан хүсэлтийг нь уламжилж охиных нь амь насыг хөнөөхөд оролцсон нэг этгээд нь Австрали улсад орогнож буй асуудлыг шийдвэрлэж гэмт этгээдийг Малайзын талд шилжүүлэн хуулийн цээрлэл хүлээлгэхэд Австралийн талаас дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
-Ноён Милтон Дик энэ асуудлыг шийдвэрлэхэд анхаарч хууль сахиулах байгууллагуудаас авч буй арга хэмжээний талаарх мэдээллийг тухай бүр хүргүүлж ажиллахаа илэрхийлсэнд талархаж байна.
-Түүнчлэн Монгол Австралийн хооронд Австралийн Засгийн газрын тэтгэлгээр тус улсад боловсрол эзэмшсэн манай улсын иргэд хоёр улсын харилцааг хөгжүүлэх нэгэн чухал гүүр болж байгаа дээр санал нэгдэж, боловсрол шинжлэх ухааны хамтын ажиллагааг улам өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

