Нийслэлийн шинэ Засаг даргыг томилохын тулд наймаа, тохирооны долоо хоног тавилаа

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн бямба гаригт  “Хүчит шонхор” зах дээр очсон. Түүнийхээ дараа махны асуудлыг шалтгаан болгон Нийслэл хотын Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулж байгаагаа мэдэгдсэн.

Ерөнхий сайдын өөрийг нь огцруулсан мэдэгдлийн дараа Х.Нямбаатар түүнийг “Бацаанаа чи чадахгүй шүү, уушигныхаа гурван судсыг тасартал чамтай нэгийгээ үзнэ” хэмээн хариу мэдэгдэл хийсэн.

Харин өчигдөр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нийслэлийн захиргаан дээр очиж ажил хүлээлцүүлсэн. Х.Нямбаатарыг ирж тамгаа хүлээлгэж өгнө үү гэж урихад ирэхгүй гэлээ гэсэн.

Ийнхүү Нийслэлийн Засаг даргын тамгыг өнгөрсөн баасан гаригт Засаг даргын орлогчоор томилогдсон Б.Мөнхбатад гардуулсан юм.

Хууль ёсоор Нийслэлийн Засаг даргыг Нийслэлийн ИТХ санал болгож, Ерөнхий сайд томилох ёстой. Тэгэхдээ Нийслэлийн ИТХ-ын сонгуульд ялж, засаглаж байгаа намын хороо хуралдаж, хэнийг дараагийн дарга болгохоо сонгож, тэр хүний нэрийг Нийслэлийн ИТХ дахь бүлгийн хурлаар нэр дэвшүүлдэг.

Тиймээс өнөөдөр эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хорооны Тэргүүлэгчид намын хорооныхоо хурлыг товлохоор хуралдав. Ингээд ирэх даваа гаригт буюу 5 дугаар сарын 25-нд Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг товлолоо.

Үүнээс үзэхэд Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчээ сонгоход дахин бараг долоо хоногийн хугацааг өгч байна. Тэгвэл энэ хугацааны цаана огцорч буй дарга, шинээр томилогдох дарга нар төдийгүй МАН-ын дээд удирдлага болох намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал, генсек Я.Содбаатар нартай хийх тохироонд хугацаа гаргаж өгч байгаа юм шиг ойлгогдож байна.

Мөн үүний цаана “том ах” гэгддэг болсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй  хийх тохироо хамгийн гол нь байх биз.

Уг нь Х.Нямбаатарын оронд Нийслэлийн Засаг даргаар томилогдохоор МАН-ын нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагвын нэр тодорчихоод байгаа ч ийнхүү долоо хоногийн дараа л асуудлыг авч үзнэ гэж байна. Үүний цаана тохироо, наймаа явах нь мэдээж. 

Ер нь эрх баригч МАН-ын дарга нар хуулийн байгууллагад шалгагдан огцорч л байдаг ч ял шийтгэл авч, шоронд хоригдсон тохиолдол алга.

Өмнө нь Д.Сумьяабазарыг “Ногоон автобус”-ны хэргээр огцруулсан ч удалгүй тэр хэрэгтэй огт холбоогүй болсон.

Өнгөрсөн жил Л.Оюун-Эрдэнийг МАН-ын  дарга бөгөөд Ерөнхий сайдаас огцруулсан ч одоо хүртэл шалгаастай. Д.Амарбаясгаланг ч УИХ-ын даргаас огцруулсан. Ингэхдээ баахан хэрэг тохож хууль хяналтын байгууллагыг ажиллуулсан ч эдүгээ хариуцлага тооцсон асуудал алга.

Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн хэмээн ҮХЦ үзсэн ч өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээ хийгээд л явж байна.

Тэгэхээр МАН-ын дотоод энэ тэмцэл сандал суудлыг нь авахын төлөө л болохоос нэгнийгээ үнэхээр буруутай, хариуцлага хүлээх ёстой гэдэг эцсийн шийдвэр гаргуулдаггүй тэгэсхийгээд тохироод орхичихдог.

Энэ нь нийгэмд тэгш бус байдал газар авч, албан тушаалтай байсан болон  байгаа хэнд ч  хууль эс үйлчлэх болсоор удсаныг харуулна.

Х.Нямбаатарыг ч мөн огцруулж өргөн хүрээнд шалгаж эхэлсэн ч удалгүй чимээгүй болно гэдэг ойлгомжтой.

Сэтгүүлч О.Хуягаа 

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn