Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн худалдан авах ажиллагааны ажлын явц болон бусад ажлын талаар хэлэлцсэн байна.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат “Ерөнхий сайдын 05 дугаар албан даалгавраар Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд үндсэндээ зогсонги байгаа.
Туулын хурдны зам төсөлд шийдэл гаргахаар тохирсон. Сэлбэ хот орон сууцжуулах төсөл зогсохгүй, эрчимжүүлнэ. Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн. Тойрог зам, трамвайн тендерийг зарласан явж байгаа.
Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдээс тендер зарласан шийдвэрлэх боломжтойг нь Засгийн газарт танилцуулна. Үлдсэн мега төслүүдийг зогсоох зэргээр арга хэмжээ авч, төсвийн тодотголоор зардлыг цэгцэлнэ” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын 97 дугаар захирамжаар он дамжих 46, шинэ 439 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаагаас өнөөдрийн байдлаар нийт төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалт 96 хувьтай үргэлжилж байгаа бол тавдугаар сарын 31-нээс өмнө тендер зохион байгуулах боломжгүй 47 төсөл, арга хэмжээ байгаа гэнэ.
-Дүүргийн Засаг дарга нар ногоон байгууламж, орчны тохижилт, орон сууцны барилгын гадна фасад засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх,
-Сургууль, цэцэрлэгийн засвар, шинэчлэл, авто болон явган замын ажлуудыг эрчимжүүлэх,
-Түлшний нөөц бүрдүүлэх, татан авах, өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай зохион байгуулах,
-Орон нутгийн өмчийн барилга байгууламжид өөрийн эзэмшлийн байргүй төрийн байгууллагыг ашиглалтын зардлаар байршуулах асуудлыг судалж, танилцуулах,
-Засгийн газрын 2026 оны Мянганы сорилтын компакт гэрээгээр хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хаалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 178 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах,
-Нийслэлийн төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг хангах,
-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах,
-“Хүрээ цам-Даншиг наадам”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах,
-“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг сайтар зохион байгуулж, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллах,
-Дүүргүүд худалдан авах ажиллагаа болон гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлэх,
-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг сайтар хангуулж, хяналт тавих үүргийг холбогдох албаныханд өглөө.
