Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд санал гээгдэхгүй байх зохицуулалтыг тусгасан нэмэлт, өөрчлөлт оруулна

Өнөөдөр УИХ-ын дарга С.Бямбацогтод УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

1993 онд зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн ирц 92.7 хувь, 1997 онд 85.1 хувь, 2001 онд 82.9 хувь, 2005 онд 74.98 хувь, 2009 онд 73.59 хувь, 2013 онд 66.5 хувь, 2017 онд 68.27 хувь, 2021 онд 59.29 хувь болж буурчээ. Сонгуулийн үндсэн зарчмын нэг болох бүх нийтийн байх, бүх нийтийн оролцоог бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага байсаар байгаа нь сонгуульд оролцож буй сонгогчдийн ирц, оролцоо тогтмол буурч байгаа дээрх судалгааны дүнгээс харагдаж байна.

Мөн сонгуулийн ирц, оролцоо буурч байгаа гол шалтгаан, нөхцөлийг тодорхойлох зорилгоор Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос 2025 онд 21 аймаг, 330 сумын нийт 11700 сонгогчийн хамруулсан “Сонгогчийн зан төлөвийн судалгаа”-ны тайланд дурдсан үр дүнгээс үзвэл сонгуульд оролцоогүй шалтгааны 33.9 хувь нь “санал авах өдөр байнгын оршин суугаа газраасаа өөр газарт байсан”, 7.7 хувь нь оюутан, орон нутагт оршин суух хаягтай”, 0.5 хувь нь “гадаад улсад байсан” зэрэг шалтгаантай байсан гэдгийг төсөл санаачлагчид танилцуулгадаа онцолжээ.

Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 77 дугаар тогтоолоор “хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гадаад улсад байгаа болон Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа боловч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хаягнаас өөр газарт байгаа иргэн, оюутан, суралцагчид, сонгуулийн санал авах өдөр албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч, уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтан зэрэг сонгогчдын сонгох эрхийг эдлүүлэх, санал өгөх боломжит хувилбарыг тодорхойлж, эрх зүйн орчныг бий болгох талаар санал боловсруулах”-ыг үүрэг болгосон байна.

Дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан уг хуулийн төслийг боловсруулжээ.

Өнөөдөр сонгуульд саналаа өгөх нь хязгаарлагдмал 250 орчим мянган сонгуулийн насны иргэд байгаа тул тэдний санал өгөх, сонгуульд оролцох боломжийг нь өргөжүүлэн нээж өгөхөд хуулийн төслийн гол ач холбогдол нь чиглэж буйг төсөл санаачлагч гишүүн Д.Бум-Очир тодотгов.

Хуулийн төсөлд хөдөө орон нутагт ажиллаж байгаа иргэд, эсвэл хотод сурч байгаа оюутнууд тухайн газартаа саналаа өгөхөд өөрийнх нь албан ёсны бүртгэлтэй хаяг дээрээс санал нь шууд бүртгэгдэх, улмаар орон  нутаг, гадаадад ажиллахаар явж буй иргэд сонгуулийн албан ёсны санал хураалт болохоос өмнө урьдчилж санал өгөх боломжийг нээж байна. Түүнчлэн гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд хоёр өдрийн дотор санал өгдөг байсныг нэмж 5 өдөр болгох зохицуулалтыг тусгасан гэж Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир хэлэв.

Мөн санал авах өдөр тухайн сонгогчийн харьяа хэсгийн хороо хамаарах аймаг, нийслэлээс өөр нутаг дэвсгэрт байгаа сонгогчийн саналыг авах, түүнд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.

Уг хуулийн төслийг дагалдуулан Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn