Түүнийг мэдэхгүй хүн Монголд ховор.
2000-аад оны эхээр Монголын бизнесийн ертөнцийг шуугиулж, томоохон хадгаламж зээлийн хоршоо байгуулан амжилттай ажиллаж явсан ч хомроглон хамруулсан хэргийн эхний золиос болсон байдаг.
Үүнийг нотлох олон ч жишээ бий.
Хоёрхон жишээ дурдахад, Ж. Мэндбаярыг өөрсдөө батлан даалтад авч,”Ажлыг нь хийлгэнэ, хориулахгүй, явуулахгүй” гэж хоршооны гишүүд нь хэдэн зуугаараа гарын үсэг зурж, хүсэлт гаргаж байв.
Харамсалтай нь тухайн үед хэргийг шалгаж байсан хууль, хяналтынхан үл ойшоож, 461-д суулгаснаар 10 тэрбумын хохирол төлөх үүрэг оноож, 20 тэрбумын хөрөнгийг нь хурааж аваад, 10 жилийн чанга дэглэмтэй ял оноосон.
Ямартай ч Ж.Мэндбаяр бусад цагаан захтнуудын адил өвчин зовлон тоочиж, уучлал өршөөл эрэлгүй харин ч ял эдлэх хугацаандаа хорих ангид цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулж, оёдлын үйлдвэр ажиллуулж, ялыг биеэр бүрэн эдэлж дуусгасан “чанга” эр.
Тэрээр суллагдсан даруйдаа үлдээсэн хөрөнгөнийхөө асуудлаар зарга үүсгэсэн. Улмаар хохирлоосоо хоёр дахин их хэмжээний хөрөнгийг нь улс хурааж авсан төдийгүй тав дахин багаар үнэлсэн ажиллагааг Захиргааны хэргийн гурван шатны шүүх “илт хууль бус” гэж тогтоосон шийдвэр гаргасныг тэрээр олон нийтэд танилцуулж байлаа.
Түүнчлэн түүний үлдээсэн хөрөнгө үнэгүйдэж, үрэгдэж, завшигдан , гувчуулагдсаны улмаас тухайн “хэргийн хохирогч” нар өнөө хэр нь хохирогч хэвээрээ үлдсэн бурууг өнөөдөр төр хариуцна хэмээн хураагдсан хөрөнгөө өнөөгийн ханшаар тооцон төрөөс 50 тэрбум төгрөг нэхэмжлэх тухайгаа мөн өнгөрсөн жил мэдэгдэж байлаа.
“Хэргийн жинхэнэ хохирогч” нарын хандлага, хөрөнгөнийх нь асуудлаар гаргасан гурван шатны шүүхийн шийдвэр буюу дээрх хоёр нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд л “Глоб”-ын хэргийн жинхэнэ хохироогч нь төр гэдэг нь хэнд ч ойлгомжтой болдог.
Нөгөөтэйгүүр дуулиан шуугиант үйл явдлын гэрч бол олон нийт юм. Тэдний дийлэнх нь “Глоб”-ын Мэндбаярыг төр хэлмэгдүүлсэн гэдэгтэй санал нийлдэг.
Юутай ч хэн хүний хүрдэггүйд нь хүрч, очдоггүйд нь очоод ирсэн ховорхон хувь тавилантай “Глоб”-ын Мэндбаяр гэх энэ хүн алдаа онооны дэнсэн дундуур гамгүй туучсаар ээлжит сорилттойгоо учирч “хорт хавдар” гэх аюулт өвчинд нэрвэгдэн үхэлтэй нүүр тулсан мэдээ гарчээ.
Тэрээр яаралтай мэс засал хийлгэхээр гэр бүлийнхэн болон эмчлэгч эмчийнхээ хамт Солонгос улсыг зориод хэсэг хугацаа өнгөрчээ.
Монголын зах зээлийн нийгмийн алдаа, онооны нэгэн тод гэрч болсон “Глоб”-ын Ж.Мэндбаяр танд эрүүл энхийг хүсье.
