Эрх баригч МАН-ын хагарал дээд цэгтээ хүрснийг УИХ, Засгийн газрын түвшинд бид өнгөрсөн жилийн намраас эхлээд өвөл, энэ хавар хангалттай харсан. Эдүгээ энэ хагарал Нийслэлд халджээ.
Засаг дарга Х.Нямбаатараас МАН-ын даргын суудлыг нь авах тухай ХБОС-ын сайд Э.Бат-Амгалан хэдэн сар ярьж, мань хоёр бүр нэгнийхээ эсрэг цуглаан жагсаал ч хийлгэж ирсэн.
Гэвч өнгөрсөн долоо хоногт Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг гэнэт хийж, өөрөө уг хорооны даргын суудалдаа үлдсэн. Тэр үеэр түүнтэй өрсөлдөхөө зарлаад байсан Э.Бат-Амгалан ч уг хурал дээр очоогүй.
Тэгвэл энэ долоо хоногт нийслэл дахиад бужигналаа. Энэ удаа Ерөнхий сайдын захирамжаар зогсоосон “Туулын хурдны зам”-ын асуудлыг НИТХ-аар хэлэлцэх эсэх асуудлаас болж ийн бужигнах шиг. 21 асуудал хэлэлцэх байсан НИТХ-ыг дарга А.Баяр нь хойшлуулсан. Үүнийг зөвшөөрөхгүй гээд НИТХ дахь МАН-ын олонхи хуралдаж, А.Баяр даргыгаа огцруулсан. Мөн төлөөлөгч Д.Ихбаярыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлж МАН-ын Удирдах Зөвлөлд асуудлыг тавьсан.
Ж.Сандагдоржийг МАН-ын бүлгийнхээ даргаар томилсон. Харин “огцорсон”-ыхоо маргааш хэвлэлийн хурал хийсэн А.Баяр би огцроогүй, өчигдрийн бүх шийдвэр хүчингүй гэв.
Гэхдээ олны дунд нэгэнт 45 төлөөлөгчтэй НИТХ-ын 31 гишүүн хуралдаа оролцоод 29 нь А.Баярыг огцруулчихаад байхад одоо яахав дээ гэлцсэн.
Харин өчигдөр Ж.Сандагсүрэн НИТХ дахь бүлгийн хурлаа хуралдуулж, А.Баярын асуудлыг Нийслэлийн МАН-ынхаа Хяналтын Ерөнхий хороонд шилжүүллээ. Эсрэг талд А.Баяр “Х.Нямбаатар орлогч Т.Даваадалай шиг ажлаа өгөөд шалгуул. Би НИТХ-ын тамгыг тэдэнд өгөхгүй” гэв.
Тэгвэл Нийслэл дэх энэ бужигнаан Х.Нямбаатар, Э.Бат-Амгалан нарын тэмцлийн үргэлжлэл гэдэг ойлгомжтой байна. А.Баяр өмнө нь Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга байсан. Тиймээс Э.Бат-Амгалангийн хүн гэгддэг.
Х.Нямбаатар Нийслэлийн ИТХ-д ажлаа тайлагнаж байх ёстой ч, төлөөлөгчдийг нь Нийслэлийн мөнгө ихтэй газруудын дарга болгоод үгүй юм гэхэд олон зуун тэрбумын тендер өгчихсөн гэлцдэг. Тиймээс НИТХ Х.Нямбаатарт хяналт тавих нь бүү хэл харин ч түүний “хамгаалалтын алба” болсон нь харагдаж байна хэмээн олон хүн ярьж байна.
Тэгээд ч огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үеэл гэгддэг Х.Нямбаатарыг явуулахгүй бол МАН-аас Оюукийг шахаж байгаагийн утга гарахгүй гэлцэнэ. Тэгэхээр энэ бүхний эцэст одоо НИТХ болон Нийслэлд болж байгаа бужигнаан, тэмцэл Х.Нямбаатарыг хотын даргаас огцруулснаар дуусах болов уу гэсэн санаа бодолтой хүн олширч байна.
