Ц.Оюунбаатар: Л.Оюун-Эрдэнийг Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар хандаж байна

Өмгөлөөгч Ц.Оюунбаатар нарын хүмүүс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт хандав.

Ц.Оюунбаатар “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хор уршиг дагуулсан гэмт үйлдлүүд гаргасан байж болзошгүй тул үүнийг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт (ТЕГ) хандаж байна.

Бид АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлтэй хамтран 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Төрийн ордны Лобби төвд хэвлэлийн бага хурал хийж, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой ноцтой асуудлуудыг хөндсөн. Тухайн үед эдгээр асуудлыг төрийн тусгай албад, тагнуул, цагдаагийн байгууллага шалгах ёстой гэсэн шаардлага тавьсан боловч сар орчмын хугацаа өнгөрөхөд ямар нэгэн дорвитой арга хэмжээ авагдсангүй.

Асуудлын гол шалтгаан нь 2026 оны 3 дүгээр сарын 11-ний өдөр “NTV” телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт Л.Оюунэрдэнэ оролцохдоо гаргасан мэдэгдэлтэй холбоотой. Тэрээр таван цаг орчим үргэлжилсэн ярилцлагынхаа үеэр улсын нууц болон үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн асуудлаар ноцтой зүйлүүдийг ярьсан.

Тодруулбал, хэрэв парламентын засаглал руу халдах гэж байгаа бол ард түмнийг төв талбайд тэмцэлд дахин уриална гэж мэдэгдсэн.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн хэлэлцүүлэг өрнөж буй энэ үед, авлига, нүүрсний хулгай, банкны луйварт холбогдсон хүмүүс УИХ-ыг хамгаалалтын бүс болгон ашиглаж, ард түмний шаардлагыг эсэргүүцэн нийгмийг хагалан бутаргах, иргэний дайн руу хөтлөхүйц байр суурь илэрхийлж байна.

Тэрээр, өөрийн мөрийн хөтөлбөрийг эсэргүүцвэл 21 аймгийг тойрон үндэсний хэмжээний тэмцэлд уриалж чадна хэмээн сүрдүүлсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.8 болон 19.9 дүгээр зүйлд заасан үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах, улс орныг хагалан бутаргах, экстремист үйл ажиллагаа явуулах гэмт хэргийн шинжтэй байна.

Энэхүү хуулийн ажлын хэсэгт ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд, Ерөнхий сайд асан, геополитик болон гадаад нөхцөл байдлыг сайн мэдэх хүний ийм үйлдэл нь тусгаар тогтнол, оршин тогтнох асуудалд шууд заналхийлж буй хэрэг юм. Энэ бол зөвхөн нүүрсний хулгай эсвэл мега төслүүдийн авлигын асуудал биш, улс орны аюулгүй байдлын асуудал юм.

Үүнээс гадна эдийн засгийн аюулгүй байдалд шууд нөлөөлөх “Харбины гэрээ”-ний асуудал байна. Энэхүү гэрээ нь Монгол Улсад 10 тэрбум долларын алдагдал авчирч, одоо байгаа 40 тэрбум долларын гадаад өрийг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Гэтэл энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэлгүй ард түмнээс нуун дарагдуулж байна. Хөрш БНХАУ-ын зүгээс манай улсын дотоод хэрэг, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байгаа тул “Харбины гэрээ”-г ил тод болгож, хуулийн дагуу шалгуулах шаардлагыг бид тавьж байна” хэмээн мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn