Эрх баригч МАН-ын хамгийн том намын хороо болох Нийслэлийн намын хорооны хурлыг маргааш хийхээр гэнэт зарлалаа. Энэхүү хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй. Гэхдээ олон сар яригдаж ирснээр бол Нийслэлийн МАН-ын хорооны даргыг өөрчлөх байх.
Эдүгээ тус намын хорооны дарга нь Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар байгаа. 2023 онд ХЗДХ-ийн сайд бөгөөд УИХ-ын гишүүн байхдаа “Ногоон автобус”-ны хэргийн улмаас хотын даргын ажлын өгсөн Д.Сумьяабазараас ажлыг нь авсан. Өмнө нь хэн ч хотын дарга болохын тулд УИХ-ын гишүү бөгөөд сайдын суудлаас бууж яваагүй нь сонирхолтой байсан.
Харин Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Х.Нямбаатараас өөр итгэх хүн алга” гэсээр ийн зүтгүүлж билээ. Дараа нь 2024 оны 5 дугаар сард Д.Сумьяабазараас эрх баригч МАН-ын нийслэлийн намын хорооны даргын суудлыг нь ч авсан. 2024 оны сонгуулиар Х.Нямбаатар Нийслэлийн МАН-аа удирдаж сонгуульд ороод УИХ-ын сонгуульд 23 мандатаас 18-ыг нь авч ялсан. Мөн намар нь НИТХ-ын сонгуулиар 45 төлөөлөгчийн 34-ийг нь авч үнэмлэхүй ялалт байгуулан дахин Нийслэлийн Засаг дарга болсон билээ.
Харин өнгөрсөн 2005 онд өрнөсөн МАН-ын дарга хийгээд Ерөнхий сайдын төлөөх тэмцэлдээнд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар ялагдснаар Х.Нямбаатарын ар хэцүүхэн болсон нь нууц биш. Тиймээс ч Н.Учралыг МАН-ын даргаар сонгосон намын хурлаас хойш Нийслэлийн намын хорооны хурал болсон цагт Х.Нямбаатарын даргын суудлыг оролдох нь тун тлодорхой болсон юм.
Тэр ч ёсоор, МАН-ын нийслэлийн намын хорооны дарга болохоор УИХ-ын гишүүн, ХББО-уулалтын сайд Э.Бат-Амгалан улаан цагаан зүтгэх болсон. Тиймээс ч Х.Нямбаатар болон Э.Бат-Амгалан нарын хооронд сошиал хэрүүлээс эхлээд нэгнийхээ эсрэг цуглаан, жагсаал хийсэн тэмцлүүд сүүлийн хэдэн сар тасралтгүй гарч ирсэн байдаг.
Э.Бат-Амгалангийн эсрэг яамных нь гадна Эрдэнэт дэх “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарцуглаан хийж, суулт зарлаж байсан. Учир нь түүний дүү нь тус компаниас 30 тэрбумыг луйвардсан гэх асуудлыг тавьж ийн тэмцдэг.
Харин Э.Бат-Амгалан нь Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын эсрэг нийслэлийн төр, захиргааны Хангарьд ордоны гадна Баянзүрх дүүргийн иргэд, засаг захиргааныхныг цуглаан жагсаал хийлгэсэн удаатай. Мөн Баянзүрх дүүрэгт ажилладаг зарим хүмүүст байрны урьдчилгаа өгч түүгээр нь Э.Бат-Амгалан сайдын хувийн компанийнх нь барьсан байрнаас худалдан авалт хийсэн хэмээн Х.Нямбаатар дарга мэдэгдэж байлаа.
Э.Бат-Амгалангийн хувьд Х.Нямбаатараас Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлыг л авна гэдэг. Тэгвэл МАН доторх тэмцэлд оролцогч ил далд олон хүн Х.Нямбаатараас МАН-ын хорооны даргыг төдийгүй Нийслэлийн Засаг даргын суудлыг авах ёстой хэмээдэг.
Өнөөдөр Засгийн газар, Ерөнхий сайд Н.Учралын шийдвэрээр Х.Нямбаатарын үхэн хатан зүтгүүлж ирсэн “Туулын хурдны зам” төслийг зогсоохоор боллоо. Манай нийгмийг хоёр хуваагдан сошиал дайн хийхэд хүргэсэн асуудлуудын нэг нь мэдээж энэ хурдны замын асуудал. Олон хүний хувьд том төслийг зогсоох нь буруу хэмээж буй. Мөн эсрэг талд нь Туул голтойгоо үлдэхийг хүсвэл уг замын ажлыг заавал зогсоох ёстой гэж буй.
Эцэст нь Н.Учралын Засгийн газар “Туулын хурдны зам”-ыг зогсоолоо. Гэхдээ уг замын ажлыг зогсоосон ч урьдчилгаанд өгсөн гэгдээд буй 500 тэрбум, түүн дээр дахин 500 тэрбум нийт нэг их наяд төгрөгний асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Мөн Туулын шугуйн сугалж авсан бургаснуудаас эхлээд асуудал олон байна.
Харин маргааш МАН-ын намын хорооны даргын суудалд хэн очих вэ, цаашлаад Нийслэлийн Засаг даргыг өөрчлөх үү гэдгээс эдгээр асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорно.
