Өнөөдөр 4 дүгээр сарын 20. Энэ өдөр ардчилалаар овоглодог бүхний удирдагчаа хэмээн хүлээн зөвшөөрсөн С.Зориг агсны хорвоод мэндэлсэн өдөр. Нартад 36-хан жил амьдрахдаа нийгмийг өөрчлөх хувьсгалын удирдагчаар тодорч, монгол хүнийхээ саруул ухаанд итгэдэг байсан тэр л эр.
1998 оны 10 дугаар сарын 2-ны аймшигт хэрэг явдлаас хойш хэдийн 28 жил өнгөрчээ. Гэвч төрсөн өдөр болон хөнөөгдсөн өдрөөр нь хөшөөнд нь цэцэг өргөх гэж очихоос өөрийг хийдэг хүн ч ховор аж. Энэ өдөр АН-ынхан, ИЗНН-ынхан, МоАХ-ныхон хийгээд С.Зориг агсныг дурсан санадаг хэн бүхэн хөшөөнд нь очиж хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөөр.
Хүндэтгэл, цэцэг өргөх байж болох хэдий ч энэ 28 жилийн хооронд түүнийг хөнөөсөн хэргийг илрүүлчих байсан баймаар. Гэвч цэцэг өргөгсөд энэ асуудалд анхаарал хандуулж ирсэн нь бүрхэг. Сонгууль бүрээр л С.Зориг агснаар түүний хэлж, ярьж байсан үгсээр гангарцгаана. Гэвч С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг илрэхээсээ улам алсарсаар л байх шиг.
Өмнө нь зөвхөн сонгуульд ашигладаг байсан С.Зоригийн нэрийг одоо бүр үзэл санаатай нь хамт Засгийн газрууд шүүрэн авч ашиглах болов. Үнэндээ С.Зоригийн үзэл санаа эхлээд улсаа дараа нь намаа, эцэст нь хувиа бодоорой гэсэн энгийн шударга үзэл санаа байлаа.
Л.Оюун-Эрдэнийн УИХ-д сөрөг хүчин бараг үлдээлгүй нэгтгэсэн Засгийн газар үнэндээ бол “Зориг”-тойгоор идэж ууж, шамшигдуулж улс орны өдөр тутмын амьдралыг унагахаад л чиглэсэн мэт. Тэд том, том мега төсөл ярихаас хүүхэд эмнэлэгт өвчнөө эдгэрүүлэх боломжгүй болтол улс орныг цөлмөж байсан юм.
Эсэргүүцсэн бүхнийг херопогандагаар оруулж, сошиалаар яллана. Энэ 28 жилийн хугацаанд олон зуун хүнийг шалгаж, заримыг нь хорьж, гурван иргэнд гурван шатны шүүхээр 20 гаруй жилийн ял оноосон ч эцэстээ тэд аллага үйлдэгч биш болж хоцров.
Энэхүү С.Зоригийг хөнөөсөн хэргийг улстөрийн биш ахуйн аллага болгохоор улайрцгаасан. Хууль зүйн сайд байсан Ц.Нямдорж, Тагнуулын дарга байсан Б.Хурц нар нэгнийгээ энэ хэргийг будлиулсан хэмээнэ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ГОК-ын захирал асан Ш.Отгонбилэг гэх мэт хүмүүс аллагын захиалагч гэгдэнэ.
Энэ бүхнийг мухарлаж, С.Зориг агсныг тайван орхихыг хэн нь ч үл хүснэ. Түүний нэрийг, үзэл санааг өөрсдийн өчүүхэн эрх ашгийг хангах нэг төрлийн зэвсэг болгон ашигласаар.
Өнөөдөр ч мөн матрын нулимсаа унаган, хөшөөнд нь сүрэг, сүргээрээ очиж, инээлдэн хөхрөлдөн зургаа даруулан, цэцэг өргөсөөр. Үнэн хаана байна.
