Эдүгээ манай төрийн дээд байгууллага 126 гишүүнтэй УИХ. Тэнд эрх баригч МАН 68, сөрөг хүчин АН 42, ХҮН 8, Үндэсний эвсэл 4, ИЗНН 4 суудалтай. Гэвч Монголын парламентад багтаж байгаа намууд сандал суудлаас болоод Үндэсний эвслээс бусад нь бүгд хагаралтай. Хагарах хагарахдаа бүр нэгнийгээ үзэн ядаастай хоёр, хоёр хуваагдчихсан байдалтай байх болов.
Үүнийг өчигдөр УИХ-ын чуулган дээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураах үед тод томруун харлаа.
Эрх баригч МАН-ын гишүүдээс өчигдрийн санал хураалтад уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж 36 гишүүн, сөрөг хүчин АН-аас 19 гишүүн, ИЗНН-аас 2 гишүүн тус тус санал өглөө.
Эрх баригч намынхан уг нь бүлэг дээрээ яриад аливаа нэг шийдвэр гаргахдаа нэг дуугаар бүгд гэсэн байдлаар хандахаа илэрхийлж байсан ч өчигдрийнх дээр ийнхүү 2025 оны хуваагдал нь дахин ил гарсан.
АН ч ялгаагүй бүлгээрээ Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийн төслийг эсэргүүцэж бүр хуралдаанд оролцохгүй гэж байсан ч ийнхүү 19 гишүүн нь дэмжчихлээ.
ИЗНН-ын хувьд 4 гишүүн нь 2:2-оороо хоёр талд гарч өчигдөр Р.Батболд, Т.Замира хоёр Ерөнхийлөгчийн төслийг дэмжиж байгаа талд гарчихлаа. Ингээд харахаар УИХ дахь суудалтай намууд том, жижиггүй бүгд хагарчээ. Үүн дээр УИХ-д суудалтай ХҮН-ын 8 гишүүнээс Ж.Золжаргал гишүүн лав намаасаа гарахаа мэдэгдээд хэдэн сар болсон. Түүнийг дагаад ганц, нэг гишүүд ч ХҮН-ээс нүүр буруулж магадгүй байгаа.
УИХ-д мөнгөтэй Н.Номтойбаярын рейтинг өндрийн буянаар орж ирсэн Үндэсний эвсэл л одоогоор хагарч бутраагүй байна. Төрийн эрх барих дээд байгууллага дахь энэ талцал төр болоод засгийн бүх инсититуцид хагарал, бутралыг авчирч байгаа нь худлаа биш.
