УИХ-ын гишүүнийг татах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих эсэхээр санал хураах болоход УИХ дахь Ардчилсан намын бүлгээс нэг хоногийн завсарлага хүслээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин “Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал дуусаагүй, өнөөдөр ч үргэлжилж байгаа тул гишүүдийн ирц хангалттай биш байна. Энэ хууль нь парламентыг хариуцлагатай болгохтой холбоотой, нөгөө талаасаа парламентын ардчиллыг эмзэг байдалд оруулж болзошгүй гэдэг шүүмж өрнөж байгаа. УИХ-ын гишүүдийн ирцийг сайжруулж, байр сууриараа саналаа өгөх боломжийг хангах үүднээс Ардчилсан намын бүлэг нэг хоногийн хугацаатай завсарлага хүсэж байна” гэв.

УИХ-ын дарга С.Бямбацогт тус бүлэгт завсарлага өглөө. Өнөөдөр долоо хоногийн сүүлчийн ажлын өдөр тул завсарлага ирэх долоо хоногийн Пүрэв гариг буюу дөрөвдүгээр сарын 16-нд дуусах юм.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn