Н.Учрал албан тушаалын хүчээр эв нэгдлээ барин урагшлахаар Засгийн газраа бүрдүүлэв

МАН-ын дарга Н.Учрал өнгөрсөн даваа гарагийн үдшээр Ерөнхий сайдаар томилогдсон. Тэрээр лхагва гараг гэхэд Засгийн газраа бүрдүүлэхээр төлөвлөж байсан боловч МАН-ын хагарсан талууд  УИХ-ын даргаар хэнийг томилуулах дээрээ гацаж, хэрүүл, тэмцэл, шахаа, шантааж болсны эцэст УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томилов.

С.Бямбацогтыг томилох үед “УИХ-ын дарга намаасаа түдгэлзэх ёстой” гэж МАН-ын бүлэг дэх цөөнх болсон талынхан АН-ынхантай ам нийлж ярьсан нь нэг ёсны шантааж хийсэн хэрэг юм.

Үүнийхээ хүчинд тэд ямартай ч  таван сайдын суудал  авлаа. Хэвлэлүүд ч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар таван сайдын суудал авлаа хэмээн бичжээ.

МАН дахь цөөнхийн талын сайдууд нь ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нар ажээ.

Мөн шинэ Засгийн газарт “Үндэсний эвсэл”-ийн Н.Номтойбаяр орж ирж, ИЗНН-ыг багтаасангүй.

ХҮН нам 2024 оноос хойш МАН-ын гурав дахь засагт улирч үлдэв. Тус намын Т.Доржханд Шадар сайдаараа улирч, УИХ-ын гишүүн Б.Найдалаа Эрчим хүчний сайд боллоо.

Ингээд Ерөнхий сайд Н.Учрал баасан гарагийн орой сайдуудаа томилж,  УИХ-ын чуулганд танилцуулж, тангараг өргүүллээ.

Саяын хэд хоногийн улс төрийн өнгийг АН дээр нэмэх нь МАН-ын цөөнх тодорхойлсон гэхэд болно. Тийм учраас Ерөнхий сайд Н.Учрал төрийн ажлыг хэвийн явуулахын тулд намынхаа цөөнхийг Засгийн газрын танхимдаа оруулав.

Өөрөөр хэлбэл, эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайдын хувьд Н.Учрал  албан тушаалын хүчээр эв нэгдлээ барин урагшлахаар Засгийн газраа бүрдүүлэв.

Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮН:

1. Эдийн засаг, хөгжлийн сайд бөгөөд Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр

2. Шадар сайд Т.Доржханд

3. Шадар сайд Н.Номтойбаяр

4. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр

5. Эрчим хүчний сайд Б.Найдалаа

6. Сангийн сайд З.Мэндсайхан

7. Боловсролын сайд Л.Энх-Амгалан

8. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат

9. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан

10. АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням

11. ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан

12. Батлан хамгаалахын сайд Д.Батлут

13.  ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан

15. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир

16. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар

17. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир

18. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан

19. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn