Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Ардчилсан намын бүлгээс авсан нэг өдрийн завсарлагын хугацаа дууссаныг мэдэгдсэн.
Үүний дараа Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл үг хэлэхдээ, намын бүлэг завсарлагааны хугацаанд УИХ-ын даргад нэр дэвшигчтэй уулзаж, тодорхой асуудлуудаар ярилцсан бөгөөд тодорхой хэмжээнд ойлголцолд хүрсэн гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Ингээд УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.3 хувь нь дэмжсэнээр томилох саналыг баталлаа.
УИХ-ын даргаар томилогдсон С.Бямбацогт:
Монгол Улсын хүндэт иргэд ээ, Монгол Улсын Ерөнхий сайд аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ…
Монгол Улсын төлөөлөгчийн дээд байгууллага УИХ-ын даргын хариуцлагатай албанд итгэл хүлээлгэн сонгосон та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. УИХ-ын даргын үүрэг нь ард түмнийг төлөөлөх бүрэн эрхээр баталгаажсан, парламент ёсны эрхэм чанарыг хэрэгжүүлэхдээ төв, голч, тэнцвэртэй байр суурийг баримтлан хууль дээдлэх ёсыг хүндэтгэн сахиулахад оршино. УИХ бол улс орны хөгжлийн төлөөх бодлогын мэтгэлцээний нэг чухал талбар мөн.
Гэвч энэ нь УИХ-ын үйл ажиллагаа цаашлаад төрийн үйл ажиллагаа, ард иргэдийн амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй. Монгол Улс олон намын тогтолцоотой, олон намыг оролцоотой парламенттай тиймээс бодлого шийдлийн ялгаа байх нь зүйн хэрэг юм. Харин тэрхүү ялгаатай байр суурийг хуулийн гадуур шийдэх тоглолт хийх ёсгүй. Тиймээс хууль ёсыг чанд сахих, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, хариуцлагатай ёс зүйтэй парламентыг төлөвшүүлэхийн төлөө тууштай ажиллах болно гэлээ.
С.Бямбацогт нь:
1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий захирал
2000-2006 онд “Нью Прогресс” ХХКомпаний захирал
2006-2008 онд “Нью Прогресс” группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2008 онд “Нью Прогресс” группын Ерөнхийлөгч
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2018-2019 онд Ёс зүйн дэд хорооны дарга
2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан юм.
