УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийн заалтыг ТББ-ын хороо хэлэлцэхээр дэмжлээ

Өчигдөр УИХ-ын даргаа тодруулахаар МАН-ын бүлэг өглөө 9 цагаас хуралдаж, УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлсэн.

Энэ тухай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “МАН төрийн ажил албан тушаалыг хуйвалдааны зарчмаар шийдвэрлэхгүй. УИХ-ын даргаар хоёр хүний нэр яригдсан. Нэг нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт, нөгөө нь УИХ-ын гишүүн С.Амарсайхан. Удирдах зөвлөлийн хурлын өмнө  С.Амарсайхан гишүүн нэрээ татсан. Тийм учраас С.Бямбацогтын нэрийг Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар  дэвшүүллээ” хэмээн хэлсэн.

Гэвч удалгүй  УИХ-ын гишүүн С.Амарсайхан гарч ирээд “Би нэр дэвшээгүй байхад яахаараа нэрээ татдаг юм. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга хариуцлагагүй юм хэллээ” гэсэн.

Эндээс УИХ-ын даргын суудлыг шахагдсан хэсэг болох Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын талд өгөх тохирооноосоо нөгөө тал буцсан нь тодорхой болсон.

Ингээд гэнэт УИХ дахь АН-ын бүлгээс болон МАН-ын шахагдсан хэсгийнхэн “Таван намтай парламентын дарга намаасаа түдгэлзэх ёстой, улс төржих ёсгүй” хэмээн ам уралдан ярьцгаасан. МАН-аас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Х.Баасанжаргал нарын гишүүд АН-ынхантай ам нийлж ярьсан.

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт ч “УИХ-ын олонх хэрэв УИХ-ын даргыг намаасаа түдгэлзэх ёстой гэж үзвэл би түдгэлзэхэд бэлэн” хэмээн яаран дуугарсан юм.

УИХ-ын даргыг томилох асуудлаар өчигдөр УИХ-ын чуулган дээр АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага хүсэхэд хурал даргалагч Ж.Бат-Эрдэнэ нэг хоногийн завсарлага өгсөн.

Ингээд өнөө өглөө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын даргад нэр дэвшигчийг хэлэлцэж эхлэх гэсэн боловч УИХ-ын дарга намаасаа түдгэлзэх агуулгатай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын гишүүд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд уг төсөлд “Улсын Их Хурлын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэнэ. Улсын Их Хурлын дарга намаасаа түдгэлзсэн нь түүний Улсын Их Хурлын дараагийн ээлжит болон ээлжит бус сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хязгаарлахгүй” хэмээн заажээ.

Байнгын хорооны хуралд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин :  “УИХ-ын дарга төвч байдлаас УИХ-ыг удирдах нь олон ургальч байдлыг бүрдүүлж, бодлогын мэтгэлцээний талбарыг бий болгох, улс төрийн зөвшил, ойлголцлын механизмаас гадна нээлттэй хяналттай төрийн гол эх үүсвэр болох нь парламентын спикерийн чөлөөлөлт, томилгоотой шууд холбоотой.

Хуулийн төсөл батлагдсанаар Монголд парламентын ардчилал бэхжих, парламентыг намчирхалгүй, сонирхлын зөрчилгүй удирдахад чиглэнэ.  УИХ-ын даргын гадагшаа хийх улс төр багасч, парламентын дархлааг сайжруулахад нэн чухал” гэв.

Түүний хэлсэн үгтэй ТББ-ын хорооны гишүүд ерөнхийдөө санал нэгдэж, хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжихээр боллоо.

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт ч хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд” Олон нийтийн төрд итгэх итгэл унаж байгаа учраас дээрээс эхлээд шийдвэрлэх гэж байгаад би өөрөө санаачлаад, үлгэрлээд ажиллана. Аливаа нэг нам бүлэглэлийн эрх ашгийн талд зогсохгүй байх нь зөв өө. УИХ-ын даргыг хэлэлцүүлэхгүй шууд томилдог заалт хэзээ яаж хуульд орчихсон юм бэ” гэлээ.

Энэ хуулийг хүнд зориулж биш, төгс хийхээр манлайлж ажиллахаа ч мэдэгдлээ.

Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон 23 гишүүний 19 нь зөвшөөрч, УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжихээр боллоо.

Ингээд С.Бямбацогт намаасаа түдгэлзсэн анхны УИХ-ын дарга болох замдаа шуудрав бололтой.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn