АН-ынхан болон МАН-ын зарим гишүүд УИХ-ын чуулганд суухгүйн улмаас парламентын үйл ажиллагаа 10 гаруй хоног гацаж, өчигдрөөс эрх баригч МАН гацааг гаргахаар хөдөлж эхэлсэн.
УИХ дахь АН-ын бүлгийн хувьд таван нам бүхий парламентыг нэг намын дарга удирдах ёсгүй гэсэн шаардлага тавьсан бөгөөд МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаас буувал чуулгандаа сууна гэсэн.
Харин МАН-ын Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар болон тэдний фракцын гишүүдийн хувьд чуулганы ирцийг хүргэхгүй байх шалтгаан нь Н.Учрал руу гэхээсээ Ерөнхий сайд Г.Занданшатарын зүг чиглэж байлаа. Тэд “МАН-ын дарга Ерөнхий сайд байх ёстой” гэсэн шаардлагыг тавьж, ярилцлага өгч байв.
АН ч наагуураа Н.Учралыг буулгах шаардлага тавьж буй мэт ч цаагуураа бол Г.Занданшатар огцрох, Н.Учрал Ерөнхий сайд болох ёстой гэсэн шахалт үзүүлж буй хэрэг байв.
Ингээд УИХ -ын үйл ажиллагаа үндсэндээ гацаанд орсон тул МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал УИХ дахь намынхаа бүлгийг хуралдуулах чиглэл өгч, улмаар бүлгийн хурал дээрээ “Ирц нь хүрдэггүй УИХ-ыг удирдаж чадахгүй. МАН-ын бүлгийн нэг л гишүүн надаар УИХ-ыг удирдуулахгүй гэвэл би удирдахгүй” хэмээн хэлжээ. Гэтэл намынх нь 10-аад гишүүн түүнийг Ерөнхий сайдаар ажиллах ёстой гэж байв. Учир нь Н.Учрал бол МАН-ын дарга учраас намын дүрмээ хэрэгжүүлж, Ерөнхий сайдаар ажиллах шаардлага тавив.
Ингээд өчигдөр хуралдсан МАН-ын бүлгээс МАН-ын Удирдах зөвлөлөө хуралдуулах шийдвэрт хүрсэн бөгөөд өнөөдөр үдээс хойш хуралдсан Удирдах зөвлөлдөө Г.Занданшатар Ерөнхий сайдаас огцрох өргөдлөө өгөв.
Үүнийхээ урд өдөр тэрээр сошиал хуудсандаа гадаад нөхцөл байдал хүнд байхад дотоод улстөржилт хэтэрч байгаа тухай, баялгийн хулгайчид эрх мэдэлдээ эргэн хүрэх гэж тэмцэж байгаа тухай бичээд өөрийгөө “Би албан тушаалтай зууралдаагүй. Надад хүсэл, айдас, шунал алга. Хулгайтай би эвлэрэхгүй, ухрах, тохирох ямар ч бодол алга” хэмээн бичжээ.
Өөрөөр хэлбэл, өчигдөр тэрээр Ерөнхий сайдын суудлаа өгөхөөр шийдсэн байсан гэсэн үг.
Түүнд ямар нэгэн асуудлаар тохиролцох санал ирсэн ч бололтой. Гэхдээ тохиролцохгүй гэдгээ илэрхийлээд өөрөө өргөдлөө өгсөн бололтой. Тохиролцоод албан тушаалдаа үлдлээ гэхэд түүнийг буулгаж байж санаа амрах намынх нь нэг хэсэг тайван суулгахгүй нь мэдээж.
Г.Занданшатар өргөдлөө өгөхдөө “Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж, улс төрийн гацалтаас гаргахын тулд өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна” гэжээ.
Мөн “Рио Тинто”-г өр төлбөр төлүүлэхээр шахсан тул тэр талаас нөлөөлөл орж ирж, огцорлоо гэсэн мэдээлэл ч хөврөв. Ерөнхийдөө сайн ажиллаж байсан гэж түүнийг УИХ-д ч, сошиалд ч битүү магтан Ерөнхий сайдаас үдлээ.
Өнөөдрийн УИХ-ын хуралдааныг МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал удирдсан тул түүнийг буутал чуулганд суухгүй гэсэн амлалтдаа хүрч, АН чуулганд суусангүй. Харин өмнө нь хуралдаа суухгүй байсан МАН-ын гишүүд болон ХҮН,Үндэсний эвсэл, ИЗНН-ынхан гээд нийтдээ 73 гишүүн ирснэр ирц бүрдэж, тэдний 54 нь дэмжсэнээр 54 хувийн саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас чөлөөлөхийг дэмжлээ.
Тэрээр УИХ-ын чуулган дээр үг хэлэхдээ:
Ийм амаргүй цаг үед улс төрийн гацалт үүсэж байгаа учраас энэ бүхнийг даруй зогсоох ёстой. Ёс зүйн уналтыг бид өөрсдөө зогсохгүй юм бол олон улсад шившиг болж дууслаа. Тиймээс ёс зүйн үлгэрлэл гаргаж, өөрийн улс төрийн шийдвэрийг гаргалаа. Есөн сарын өмнө та бүхний итгэлийг хүлээж Ерөнхий сайд болохдоо гадаад орчинд хүйтэн байгаа учраас төр бүсээ чангалж, ард түмний нуруун дээр ачаа үүрүүлэхгүй гэж хэлсэн.
Биднийг Засгийн газрыг хүлээж авахад валютын нөөц багассан, эдийн засгийн өсөлт буурсан, нүүрсний экспорт хумигдсан байсан. Хэрвээ зоригтой шийдвэр хийгээгүй бол инфляц 15 хувьд хүрэхээр байв. Иймээс ард түмний халаасыг тэмтрэх биш төсвийг 2.4 их наядаар танаж, төр бүсээ чангалсан. Үүнийг дагасан эдийн засгийн сайн үр дүнгүүд гарч эдийн засгийн өсөлт 6.8 хувь болж өссөн. Инфляц өнөөдөр 6.5 хувь болж буураад байна. Валютын нөөц 7.1 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн нь бодит үр дүн юм” гэхчилэн хэллээ.
Ерөнхий сайдаас чөлөөлөгдөхийн өмнө түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс уншина уу.
Ийнхүү 2024 оны сонгуулиас хойш хоёр жилийн дотор МАН хоёр дахь Засгийн газраа огцрууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар есөн сар ажиллаад улс төрийн шахалтад орж ийнхүү огцорлоо
Ирэх ням гарагт МАН-ын Бага хурал хуралдаж, дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулна. Мэдээж МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ.
Эх сурвалж: Politiko.MN
