Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн болон Монголын Байгалийн Өв Сан (МБӨС)-гийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлд хамтран ажиллана:
Байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх
Тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн үнэ цэнийг эдийн засгийн үр өгөөжтэй уялдуулан тодорхойлох, бэлчээрийн даац, нүүрстөрөгчийн шингээлт, экосистемийн үйлчилгээний үнэлгээнд суурилсан менежментийг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг хамтран гүйцэтгэх
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн механизмыг хөгжүүлэх, “Малчны ногоон шилжилтийн санхүүжилтийн загвар”-ыг туршилтаар хэрэгжүүлэх, үр дүнг хэмжиж тайлагнан баталгаажуулах (MRV) тогтолцоог нэвтрүүлэх болон туршилтын эрүүл бүс байгуулах.
Тус хамтын ажиллагаа нь байгаль хамгаалал, бэлчээрийн мал аж ахуй, уур амьсгалын бодлогын уялдааг бэхжүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Эх сурвалж: Байгалийн өв сан
