Эдийн засгийн чухал төслүүдийг урагшлуулах нь хоёр талын нийтлэг ашиг сонирхол болохыг тэмдэглэжээ

МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал  БНХАУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Хятадын төр, намын өндөр түвшний албан тушаалтнуудтай дараалсан уулзалтууд хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцээ өрнүүллээ.

Тэрбээр эхлээд БНХАУ-ын Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзав. Уулзалтын үеэр Монгол, Хятадын харилцаа нь зөвхөн сайн хөршийн харилцаа бус, харилцан итгэлцэл, тогтвортой хамтын ажиллагаанд суурилсан хөгжлийн түншлэл гэдгийг онцолж, парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, байнгын хороод, найрамдлын бүлгүүд, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бодит агуулгатай болгоход анхаарахаар санал нэгдсэн байна. Мөн хил дамнасан төмөр зам, худалдаа, эрчим хүч, ногоон шилжилт, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт зэрэг томоохон төслүүдийг урагшлуулах нь хоёр талын нийтлэг ашиг сонирхол болохыг тэмдэглэлээ.

Үүний дараа Хятадын Коммунист Нам-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Лю Хайшин-тай уулзсан байна. Тэрбээр энэхүү айлчлал нь 105 жилийн түүхтэй хоёр намын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон бөгөөд Монголын тал ирэх жилүүдэд сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, байгаль орчин, карбон зах зээл, дижитал эдийн засаг зэрэг шинэ салбарт хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Харин Хятадын талаас хоёр намын залуучууд, эмэгтэйчүүд, ажилчдын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарахаа илэрхийлэв.

Мөн айлчлалын хүрээнд Н. Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Цай Чи-тай Хятадын Ардын Их Хурлын ордон-д уулзав.

Уулзалтын үеэр тэрбээр Монгол Ардын Нам болон Хятадын Коммунист Нам нь 105 жилийн түүхтэй улс төрийн хүчнүүд болохыг онцолж, хоёр намын харилцаа нь улс орны хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв. Мөн БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийн 15 дугаар таван жилийн төлөвлөгөө батлагдсанд баяр хүргэж, хоёр улсын төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг онцолсон байна.

Монголын тал тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх зарчмыг баримталж ирснээ илэрхийлж, “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай дэмждэг байр сууриа дахин нотлов. Түүнчлэн Ши Жиньпин-ий дэвшүүлсэн “Бүс ба Зам” болон дэлхийн хэмжээний санаачилгуудыг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийллээ.

Харин Цай Чи Монголын талын айлчлалыг өндрөөр үнэлж, нам хоорондын найрсаг харилцаа нь улс хоорондын хөгжлийн бат бөх суурь болдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр залуучуудын солилцоо, харилцан айлчлалыг тогтмол хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн ойлголцлыг бодит үр дүнд хүргэхэд идэвхтэй хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.

Мөн Хятадын талаас урт хугацаанд тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, Монголын талаас дэвшүүлж буй сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, хот байгуулалтын томоохон төслүүдийг нааштайгаар судлахад бэлэн байгаагаа онцоллоо.

Ийнхүү айлчлалын хүрээнд Н. Учрал Хятадын талын өндөр түвшний албан тушаалтнууд болох Жао Лөжи, Лю Хайшин, Цай Чи нартай дараалан уулзаж, Монгол, Хятадын улс төр, эдийн засаг, нам хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад чиглэсэн чухал яриа хэлэлцээ өрнүүлэв.

 

Эх сурвалж: МАН

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn