Казах үндэсний соёлын төв байгуулна

Өчигдөр казах түмний хаврын баяр Наурызын баяр тохиож, Сүхбаатарын талбайд өдөрлөг боллоо.
Ерөнхий сайд Г.Занданшатар Наурызын баярын нээлтэд оролцож, баяр хүргэж үг хэлэв.
Ерөнхий сайд  “Эх орныхоо өнгөрсөн болон өнөө, ирээдүйн хөгжил, дэвшлийн төлөө хөдөлмөрч казахын ард түмний оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Улс орны хөгжлийн бүтээн байгуулалт өрнөсөн газар бүхэнд бусдыг үлгэрлэн уриалан дуудаж чаддаг, алдар, гавьяа амжилтын эзэд билээ.
Засгийн газраас үндэстний цөөнхийн хэл, соёлыг хамгаалах, өвлүүлэн уламжлуулахад онцгойлон анхаарч Хос хэлний боловсрол, сургалтын талаар баримтлах чиглэлийг баталсан. Ингэснээр Монгол хэлний тухай хуульд заасны дагуу хос хэлний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, казах хүүхэд багачууд хос хэлээр боловсрол эзэмших боломж нээгдсэн” гэлээ.
Мөн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд казах түмний үндэсний соёлын төв байгуулахаар болсныг дуулгахад хурсан олон талархан хүлээн авлаа.
Дэлхийн 44 улсад хагас тэрбум хүн Наурызын баяр тэмдэглэж байна. Манай улсын 150 мянган казах иргэдийн 40 мянга нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна гэж Засгийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn