“УБТЗ” ХНН галт тэрэгний тасалбар захиалгын “Eticket” application-ээ шинэчиллээ. Ингэснээр зорчигчид тасалбар захиалах, төлбөр төлөх, суудал сонгох, аяллын мэдээллээ хянах үйлчилгээ илүү хялбар, хурдан шуурхай, аюулгүй болсноос гадна системийн хурд сайжирч, сүүлийн үеийн iOS болон Android төхөөрөмж дээр илүү нийцтэй, тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлсэн байна.
Мөн аппликейшны харагдах байдал бүрэн шинэчлэгдэж, цэс болон товчлуурууд илүү ойлгомжтой, сул суудлыг ялгаж харахад хялбар болжээ.
Өмнө нь тасалбар захиалахад зөвхөн и-мэйл хаягаар нэвтэрдэг байсан бол одоо имэйл болон гар утасны дугаараа оруулан тасалбар захиалах боломжтой болсон байна. Түүнчлэн, тасалбар захиалгын системд доод, дээд местийг андуурахаас сэргийлж, ялгаатай байдлаар тэмдэглэж өгснөөс гадна, зорчигч зорчих өдрөө солих, төлбөрөө төлөх хэсэг илүү хялбар, илүү ойлгомжтой болжээ.
Тасалбар захиалгын аппликэйшний энэ удаагийн шинэчлэл нь мэдээллийн аюулгүй байдал, системийн найдвартай ажиллагааг шинэ түвшинд хүргэснээрээ өмнөх хувилбараас илүү болжээ.
Өнөөдрийн байдлаар нийт галт тэрэгний тасалбар худалдаалалтын 69 хувийг цахимаар худалдаж байгаа бөгөөд зорчигчид галт тэрэгний тасалбар захиалгын “Eticket” application-ийг ашиглах нь улам бүр нэмэгдэж байна.
