Гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтод үүрэг гүйцэтгэж буй Онцгой байдлын байгууллагын алба хаагчид жилд дунджаар 4400 гаруй дуудлагаар гал түймэр унтраах, эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, 5300 орчим хүний амь нас, 233 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайдын 2026 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 68/А62 дугаар хамтарсан тушаалаар “Амь нас, эрүүл мэндэд хохирол учрах өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын байгууллагын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталсан байна.
Шинэчилсэн журамд аюулт үзэгдэл, ослын голомтод үүрэг гүйцэтгэж хүний амь нас аварсан тохиолдолд аварсан хүний тоо бүрд 85 хувийн, буцалтгүй нэрвэгдэгч гарсан онцгой хүнд нөхцөлд ажилласан тохиолдолд 105 хувийн урамшуулал олгохоор тусгажээ.
Мөн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэхээр агаарын хөлгөөс шүхэр болон десантаар буусан зааварлагч, шүхэрчин аврагчдад буулт тутамд 44 хувийн, гал түймрийн голомт, усны болон газрын гүнд тусгай зориулалтын хувцас, хэрэгсэлтэйгээр ажилласан тохиолдолд 15 хувийн мөнгөн урамшуулал олгохоор зохицуулсан аж.
