АН бойкотноосоо буцахгүй нь, МАН яах вэ?

Өнгөрсөн даваа гарагт УИХ-ын чуулган нээгдсэн. Мөн өдөр УИХ дахь АН-ын бүлэг “МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаас буутал чуулганы хуралдаанд суухгүй” гэдгээ мэдэгдсэн. Тус намынхан таван намтай парламентыг нэг намын дарга удирдаж болохгүй хэмээн мэдэгдэж байгаа юм.

Харин МАН-ынхан хэнийгээ УИХ-ын даргаар ажиллуулах нь МАН-ын дотоод хэрэг гэж үзэж байгаа. Учир нь, Улсын Их хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлд “Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ” гэж заажээ. Энэ заалтаар бол МАН өөрийнхөө бодлогоор хэний нэрийг дэвшүүлж, УИХ-ын даргаар ажиллуулахаа өөрөө мэдэх ёстой.

АН-ынхан харин хэд хэдэн тайлбар хэлж байна.

Нэгд, Таван намтай парламентыг нэг намын дарга удирдах нь зохисгүй. Парламентад эрүүл мэтгэлцээн алга болно. УИХ-ын дарга Н.Учрал намынхаа Их,Бага хурал дээр тавьсан илтгэлээ чуулганы нээлт дээр тавилаа гэх тайлбар,

Хоёрт, МАН намынхаа зөрчлийг УИХ-аар шийдүүлэх гээд байна гэх тайлбар,

Гуравт, Үндсэн хуулийн 24-р зүйлийн 1-д “Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно” гэж заасныг иш үндэс болгож байгаа аж.

УИХ-ын тухай хуулийн 10-р зүйл дэх дээрх заалт Үндсэн хуулийн энэ заалттай яг нийцэхгүй байна.

Дөрөвт, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнгөрсөн оны 11-р сард УИХ-ын дарга намын гишүүнчлэлээс түдгэлздэг байх хуулийн төсөл өргөн барьсан бөгөөд энэ хуулиа батлуулахын төлөө явна. Энэ нь тус намын зарчим гэнэ.

Тавд, АН-ын дарга асан Лу.Гантөмөрийн ярьснаар, эрх баригч намын дарга парламентын дарга байсан үед бүтэлтэй юм болж байгаагүй гэнэ. Нээрээ ч 2004 оны наймдугаар сараас 2005 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл МАХН-ын дарга (одоогийн МАН) Н.Энхбаяр УИХ-ын даргын албыг хашсан. Тэр үед АН болон ИЗНН-ын УИХ дахь бүлэггүй гишүүд МАХН-ын бүлэгт орж албан ёсоор АН-ын дарга Р.Гончигдорж УИХ дахь МАХН-ын бүлгийн орлогч дарга болж байж билээ. “Бүдүүн бүлэг” хэмээх энэ бөөгнөрөл МАНАН-гийн үүдийг нээсэн нэгэн учиг байсан.

УИХ-ын дарга З.Энхболд 2014-2016 онд АН-ын даргаар ажилласан. Тухайн үед түүний байгуулсан “Шонхор” фракц нам дотроо хамгийн хүчтэй нь болж, “Женко”-гийн МоАХ-той нэгдээд “азаргалах” болсон. Тэд Тавантолгойн гэрээг унагаж байлаа.

2016-2017 онд МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын даргаар ажилласан. Ялсан намын даргын хувьд түүнд Ерөнхий сайд болох боломж байсан ч Н.Энхбаярын замаар УИХ-ын дарга болсон. Гэвч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан. Дараа нь МАН “Шударга 5” ба МАНАН гэж хуваагдан, тэр тэмцлийн хямрал өнөөдөр ч үргэлжилж буй.

АН-ын бүлгийн гишүүдийн байр сууринаас харвал тэд энэ удаа УИХ-ын дарга Н.Учралыг буутал чуулганы хуралдаанд бойкот зарласан шийдвэртээ тууштай байх бололтой.

Харин МАН хариуд нь ямар бодлого гаргаж, хариу барих нь хамгийн хэцүү нүүдэл болов бололтой. МАН-ын хувьд Ерөнхий сайд Г.Занданшатарыг аль болох урт хугацаанд Ерөнхий сайдаар ажиллуулах тактиктай ажиллаж байгаа. Гэвч намын дарга Н.Учралыг нь УИХ-ын даргаас буулгах шахааг сөрөг хүчнээс хийгээд байдаг. Буухгүй гэхэд парламентын ажил явахгүй, буулаа гэхэд яах вэ? гэдэг ацан шалаанд оржээ. Ядаж байхад бүлгийн гишүүд нь хагаралтай…

Эх сурвалж: PolitikoMN

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn