Өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгжийн стандарт бус хашаанд халиун буга сүлбүүлж үхсэн тохиолдол гарсан.
Үүнтэй холбоотойгоор БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар мэдээлэл хийлээ. Халиун бугын экологи, эдийн засгийн суурь үнэлгээ 12 сая 700 мянган төгрөг байдаг. Тусгай хамгаалалттай газар нутагт энэ үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж, торгуулийг оногдуулдаг учраас 25.4 сая төгрөгийн торгуул ногдуулжээ. Мөн захиргааны хэм хэмжээ, дархан цаазат газрын дэглэм,горим зөрчсөн тул аж ахуйн нэгжийг 30 сая төгрөгөөр торгож, газрын эрхийг нь цуцалж байгаагаа мэдэгдлээ.
Цаашид бусад газрыг ч дархан цаазат газрын нийтлэг журмаа биелүүлэхгүй бол газар ашиглах эрхийг нь цуцлах аж.
Мөн Улаанбаатар хотын зуслангийн бүс, тусгай хамгаалалттай газарт зэрлэг амьтанд ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага, хотын стандарт бус 1000 орчим метр хашааг 2026 оны 1-р сарын 31-ний өдөр албадан буулгаж, цаашид дахин эрсдэл үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.
Хашаа буулгахад нэг метр квадрат хашааны буулгалтын тариф 20 мянган төгрөг байдаг. 11 мянга орчим метр урт хашаа буулгана гэхээр 200 гаруй сая төгрөгийн зардал гарч байгаа гэв.
