УИХ дахь сөрөг хүчин АН намаа цэгцлэх аяныг улс орон даяар өрнүүлж эхэллээ.
Өчигдөр зарласан “Нээлттэй, цэгцтэй- Ардчилсан нам” хэмээх аяны нээлтэн дээр АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Бид цагаан морин жилд эхлүүлсэн ардчиллын үйл хэргээ гал морин жилд шинээр эхлүүлж байна. Энэхүү дахин эхлэлийн стратегийн шилжилтийн үндсэн концепц бол “Нээлттэй, цэгцтэй” үзэл санаа юм. АН өнгөрсөн хугацаанд ямар хаалттай, эмх замбараагүй болсныг бид хангалттай харлаа. Өнөөдрөөс эхлэн 40 хоногт Ардчилсан намын гишүүд дахин шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж, шинэ гишүүдээ бүртгэнэ. Тавдугаар сар гэхэд нам цэгцэрч, 2027-2028 оны нэр дэвшигчдийн нэрс шударга шалгуураар тодрох болно. Би намын даргын хувьд дотооддоо шударга байдлыг хангуулахад анхаарч хэнтэй ч хуйвалдахгүй албан тушаалаар ч, алт мөнгөөр ч худалдагдахгүйгээр ажиллах болно” хэмээн ярилаа.
Монголчууд бараг бүгд л АН-ыг хурдан цэгцрээсэй, сөрөг хүчний үүргээ сайн гүйцэтгээсэй, ирэх сонгуулиудад амжилттай оролцоосой гэж хүсэж байгаа. Энэ хүсэлд О.Цогтгэрэлийн яриа нийцсэн нь тодорхой
Түүний үгээр бол АН намын гишүүдийн бүртгэлээ тавдугаар сард цэгцэлж дуусах аж. Тэр цэгцрэлтийн дагуу 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ, Орон нутгийн сонгуулиудад нэр дэвшигчдийнх нь нэрс тодрох юм байна.
АН-ын дарга О.Цогтгэрэл “Цэгцтэй бөгөөд хаалттай байвал ялзардаг. Нээлттэй бөгөөд цэгцгүй байвал сарнидаг. Тиймээс тогтвортой хөгжихийн тулд нээлттэй, цэгцтэй байх ёстой. Ардчилсан нам гишүүдийнхээ оролцоог бүх түвшинд хангах чиглэлд хүчтэй анхаарна. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд нээлттэй нэрийн дор эмх цэгцгүй байж ирлээ. Байгалийн шинжлэх ухаанаах нээлттэй систем эмх замбараагүй бол мөхөж үгүй болно. Тиймээс цэгцрэх ёстой” гэсэн.
АН-ынхны хүсэл, эрмэлзэл үнэхээр л цэгцрэхийн төлөө байгаа байх. Гэхдээ мэдээж цэгцэртлээ удна. Учир нь цэгцгүй,замбараагүй явдал олон жил үргэлжилж, намын гишүүд нь ч хүнийрхэж одсон буй за.
Учир нь АН-ын идэвхтэй яваа улстөрчид нь эдүгээ хэдэн тийшээ харсан бүлэглэлүүдэд хуваагдчихсан, хэн нь ямар намын хэнтэй хуйвалддаг, хамтардаг нь олонд ил тод болсон. Дагадаг гишүүд нь тэднийхээ үгийг л авдаг. Түүнээс нэгдсэн удирдлагад захирагдаад явна гэдэгт итгэхэд бэрх.
Гэхдээ хийнэ гээд зориглоод явж байгаа АН-ын дарга О.Цогтгэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарт баяр хүргэх нь зөв байх.
Эрх баригч МАН ямар нэг өрсөлдөгчгүй 10 жил засагласны эцэст хариуцлагагүйн зуд нүүрлээд байгаа энэ цагт АН цэгцрэх нь цаг үеийн шаардлага юм.
Эх сурвалж: Politiko.mn
