Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг Эдийн засаг, хөгжлийн сайдаар, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад нэрийг нь дэвшүүлжээ.
УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал МАН-ын дарга, УИХ-ын дарга болсон тул Засгийн газрын гишүүнээс нь чөлөөлсөн.
Эдийн засаг, хөгжлийн сайдад Н.Учралын оронд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг нэр дэвшүүлсэн. Харин Ж.Энхбаярын оронд УИХ-ын 2024 оны сонгуульд зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг нэр дэвшүүлсэн нь энэ. Тэрбээр аймгийн Засаг даргаар 9 жил, удирдлагын багт 11 жил ажиллажээ.
Эдийн засаг хөгжлийн сайдад нэр нь дэвшсэн Ж.Энхбаярын хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт нэр дэвшиж ялсан.
УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдсон Ж.Энхбаяр нь энэ хугацаанд Батлан хамгаалахын сайд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм.
Засгийн газар өнөөдөр 15:00 цагаас ээлжит бусаар хуралдаж байна. Засгийн газар өнгөрсөн долоо хоногт ээлжит хуралдаанаа өнжсөн учраас өнөөдөр нөхөж хуралдахаар болсон гэнэ.
