Хөгжмийн салбарын Оскар гэж нэрлэдэг дэлхийн хамгийн нэр хүндтэй хөгжмийн шагналд нэр дэвшигчдийн дунд энэ жил хачирхалтай өрсөлдөөн гарч иржээ. Тэр нь Milli Vanilli хамтлагийн гишүүн Фаб Морван, Далай лам болон АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Кетанжи Браун Жексон нарын өрсөлдөөн аж.
Жексон өөрийн дурсамж ном болох Lovely One бүтээлээр нэр дэвшсэн бөгөөд The New York Times уг номыг “гүн хувийн, итгэл найдвараар дүүрэн бүтээл” хэмээн тодорхойлжээ.
Харин Далай ламын Meditations: The Reflection of His Holiness the Dalai Lama буюу монголоор “Бясалгалууд — Далай ламын сэтгэлийн эргэцүүлэл” бүтээл нь Далай ламын эргэцүүлэл, Энэтхэгийн сонгодог хөгжим, мөн Мэгги Рожерс ба Руфус Уэйнрайт нарын бүтээлүүдийг хослуулсан бүтээл аж.
Milli Vanilli хамтлагийн Фаб Морваны дурсамж ном You Know It’s True: The Real Story of Milli Vanilli нь (орчуулбал “Чи мэднэ дээ, энэ үнэн шүү: Milli Vanilli-ийн жинхэнэ түүх”) бүтээл нь нэлээд алдартай, бас шуугиантай түүхээ эргэн өгүүлсэн бүтээл юм.Учир нь Milli Vanilli хамтлагийн Грэммийн түүх тун таагүй гэнэ.
Поп, R&B, диско хэмнэлийг хослуулсан шинэ төрлийн дуу гаргах зорилготой Milli Vanilli-г Германы продюсер Фрэнк Фариан 1988 онд байгуулж байжээ. Тэдний “Girl You Know It’s True” (1988) дуу гармагц дэлхий даяар хит болж байв.1989 онд тэдний анхны альбом Girl You Know It’s True асар их амжилт олж, 1990 онд Грэммийн “Шилдэг шинэ уран бүтээлч” шагнал хүртжээ.
гэвч 1990 онд тоглолтын үеэр тэдний “Girl You Know It’s True” дуу тоглож байхдаа гацаж, “Girl you know it’s… Girl you know it’s…” гэсэн хэсэг давтагдан зогсох үед үзэгчид тэднийг ам барьж байгааг илрүүлжээ.
Удалгүй продюсер Фрэнк Фариан хэвлэлийн бага хурал хийж, Роб ба Фаб хоёр үнэндээ аль ч дууг өөрсдөө дуулдаггүй, харин бусад дуучдын дууг ашиглаж, тэд зөвхөн дүр төрх, бүжиг, имиджээрээ гарч ирдэг байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Ингээд тус хамтлагаас Грэммийн шагналыг нь хураан авсан нь түүхэн дэх анхны тохиолдол болжээ.
Хамтлагийн хоёр дуучны нэг Роб Пилатус 1998 онд мансууруулах бодисын хэт хэрэглээнээс болж нас барсан бол Фаб Морван одоо хүртэл уран бүтээлээ хийж, “жинхэнэ хоолой, итгэлцэл, уучлалыг” тухай өгүүлдэг илтгэгч, хөгжмийн уран бүтээлч болжээ.Түүний ном ийнхүү Гремми-д нэр дэвшсэн нь анхаарал татахуйц онцлог үйл явдал болж байна.
