УИХ-ын даргыг огцруулах бичгийг дэд дарга Б.Пүрэвдоржид өргөн барив

Зарим гишүүд дарга Д.Амарбаясгаланг огцруулах санал гаргасан талаар УИХ-ын гишүүн З.Мэндсайхан өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж байсан. Тэдгээр гишүүдийн төлөөлөл УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах санал гаргаж, нийт 67 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барих тухай тэр үед мэдэгдсэн.
Өнөөдөр УИХ-ын гишүүн З.Мэндсайхан УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналыг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид өргөн барилаа. Энэхүү саналд УИХ-ын 67 гишүүн гарын үсэг зурсан ажээ.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нарын өргөн барьсан тус бичигт:

“Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танаа. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай…

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр хэсгийн хоёр дахь хэсэгт “Ардчилсан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж хуульчилсныг үндэслэн УИХ-ын гишүүд бид төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх зорилгоор нэр холбогдоод буй нүүрсний хулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлаар бүрэн эрхээрээ сайн дураараа түдгэлзэн шалгуулах, хуулийн байгууллагыг хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлөөр хангах ёс зүйн шаардлагын Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан танд хүргүүлсэн.

Гэвч дээрх шаардлагыг хүлээн авалгүй, төрийн үйл ажиллагааг тасалдуулж байгааг эрс буруушааж, ард түмний элчийн хувьд улсын эрх ашгийн соснирхлыг эрхэмлэн төрт ёс, уламжлалыг хүндэтгэж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига албан тушаалын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэх тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн төрийн сүлдэндээ тангараг өргөсөн УИХ-ын гишүүн бид УИХ-ын дарга Д.Амарбаясгалан таныг төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах улс төрийн болон ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Иймд таныг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, огцруулах саналыг үүгээр гаргаж байна” гэсэн байна.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn