Д.Амарбаясгалан:Надтай холбоод байдаг Бор тээгийн лиценз өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой”-д байгаа шүү дээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэв. П.Сайнзориг нарын 50 гаруй гишүүд Ерөнхий сайдыг Үндсэн хууль зөрчсөн гурван үндэслэлээр огцруулахаар өргөн барьсны нэг нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайд гүтгэснээрээ “…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож үл болно…” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзсэн явдал юм.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах тайлбарыг хэлсэн. 

Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Засгийн газрын тэргүүн, төрийн өндөр хариуцлагатай албан тушаалтны хувьд олон нийтэд зориулж албан мэдэгдэл хийхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож үл болно…”, 49.2 дахь хэсэгт “…Ерөнхий сайд, УИХ-ын ба Засгийн газрын гишүүн … хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэснийг тус тус зөрчиж, Монгол Улсын шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан шинжтэй төдийгүй Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэсэн.

Харин Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдрийн ТББ-ын хуралдаан дээр ямар үндэслэл, баримтаар УИХ-ын даргыг “нүүрсний хулгайч” болгосноо тайлбарлаж чадсангүй.

Дараах харилцан ярианаас илүү тодорхой болох буй за.

УИХ-ЫН ГИШҮҮН, ТББ-ЫН ДАРГА Ц.САНДАГ-ОЧИР:

-Та мэдэгдэлдээ  Амарбаясгалан даргыг нүүрсний хулгайтай холбоотой байсан байна аа гэж ярьсан.

Танд одоо  Амарбаясгалан дарга нүүрсний хулгайтай холбоотой гэх нотлох  баримт байна уу?

Яагаад ямар ч хэрэг үүсгээгүй байхад нь,  ямар ч нотлох баримт цагдаа, прокурор, АТГ дээр шалгагдаагүй байхад ингэж хэлж байгаа юм бэ?

Бор тээгийн уурхайн лиценз нь өнөөдөр хэнд байгаа юм бэ. Амарбаясгалан гэдэг хүнд байгаа юм уу?

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР:

Би хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны нарийн нууцыг мэдэхгүй, үзээгүй.

Гэхдээ 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Германы нэр бүхий сайт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Амарбаясгалан даргатай холбоотой ноцтой авлигалын мэдээлэл цацагдсан.

Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол хэн нэгнийг үндэслэлгүйгээр хүний эрхийг нь зөрчиж, гүтгэж, үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулж тэгж цоллохгүй.

Баруунд гарсан хэвлэгдсэн энэ бүх материалуудад  яагаад одоо болтол няцаалт өгөөгүй юм бэ. Нэр холбогдлоо л гэж би хэлсэн шүү.

УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН:

Тагнуулын байгууллагаас гаднын төлбөртэй сайтуудад Монгол Улсаас 50 гаруй мянган доллар төлж,  олон сайтуудаар нэг дор нэр хүндэд халдах ажиллагаа явуулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Энэ бол Монголоос зориудаар нэр хүндэд нь халдаж, гаднын сайт дээр мэдээлэл гарсан мэтээр Монголд оруулж ирж цацах зорилготой хийгдсэн ажил гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Энэ дээр барин тавин  ингэж худлаа ярихаа болио.

Бор тээгийн лицензтэй холбоотой асуудал яригддаг. Өнөөдрийг хүртэл Бор тээг гэдэг ордын лиценз “Эрдэнэс Таван толгой”  компанид байдаг.

Гэтэл олон нийтэд надад байгаа юм шиг ойлголт бас төрүүлж гүтгэсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР:

Засгийн газрын тэргүүн хүн зүгээр барууны хэвлэлд гарсан нэг мэдээллээр асуудалд ингэж хандаж байна. Би нотлох баримт байна уу л гэсэн. Тэгээд   ярьж байгаа хариултаас  бол нотлох баримт чинь энэ л юм байна.

Хэвлэл, сайтад гарсан мэдээллээс мэдээлэл аваад УИХын даргыгаа ингэж гүтгэж болдог юм уу л гэж асуух гэж байна.

Нөгөө талаар оффтэйк гэрээ та зарлалаа. Энд  чинь та ч зарлаж байгаа юм биш. Хоёр, гурван  жилийн өмнө нүүрсний сонсголын үеэр ил болчихсон асуудал.Нэгд.

Хоёрт,  энэ бол нэгхэн хэсэг нь. Ард түмэн мэдэхгүй байна, тэр мөнгөн дүнг нь.

Та  Баярбаатар гишүүний хариултад маш бөөрөнхий хариулт өгч байна. Одоо бүүр эзэн биегүй болох нь л дээ.

Тэгээд тэр олон тэрбум долларын үнэтэй нүүрсийг  хэний шийдвэрээр тэгвэл гадагшаа гаргасан юм.  Тийм бага үнийн дүнтэйгээр тендергүйгээр хэн гаргасан болж таарах вэ. Одоо таны хариултаар бол дундаа хийх гэж байна шүү дээ ҮАБЗийн нэг гишүүн байсан хүнийхээ хувьд та энийг мэдэхийн дээдээр сайн мэдэж байгаа.

 

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn