
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрээр “Сонгуульд хамт өрсөлдсөн журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, улмаар гүйцэтгэх засаглалын зүгээс олон үндэслэлгүй зүйлүүдээр гүтгэж, олон нийтийг төөрөгдүүлж байна.
Парламент бол Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага. Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд гүйцэтгэх засаглалын зүгээс надаар дамжуулж парламентын үйл ажиллагааг доголдуулах, бойкотлох ажлыг зохион байгуулалттайгаар хийж байна.
Магадгүй гүйцэтгэх засаглалын тэргүүнээс ирж байгаа дарамтаас хамааралтайгаар Хууль зүйн байнгын хорооны хурлыг хуралдуулсангүй. 10 гишүүн ирцэд бүртгэгдээд, хоёр цаг хүлээгээд хурал болсонгүй.
Миний хувьд Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн гаргасан саналыг үндэслэн, тус байнын хорооны даргатай зөвшилцөн өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж цагдаагийн байгууллагын удирдлагуудаас цаг үеийн шинжтэй бодитой мэдээллийг авах асуудлыг УИХ өөрийнхөө эрх үүргийн хүрээнд хийх ёстой гэдэг асуудлыг ярилцаж шийдвэрлэсэн.
Мэргэжлийн байнгын хороон дээр хууль хяналтын байгууллагын удирдлагууд ирж, болж байгаа асуудалд бодитой хариулт өгөх нь чухал юм гэж үзээд хурал зарлагдсан.
Харамсалтай нь бойкотлогдсон, дээрээс нь намайг гүтгэсэн этгээдүүд энэ байнгын хорооны хуралд ирээгүйн улмаас байнгын хорооны хурал өнөөдөр хуралдаж чадсангүй.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д. Амарбаясгаланг нүүрсний хулгайч мэтээр зарлаж явсан нөхрийг хоёр өдрийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Занданшатар Хууль зүйн сайдаар томилж байгаагаа зарласан. Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулахгүйгээр томилж байгаагаа зарлаж, Үндсэн хууль зөрчсөнийг Та бүхэн харсан.
Намайг өнгөрсөн хоёр жилийн туршид нүүрсчин болгох гэж гүтгүүлж байсан захиалагч нь гүйцэтгэгчээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайдын албан тушаалаар шагнаж байгааг Монголын ард түмэн тэр аяараа харсан.
Амарбаясгалан миний бие өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн байдлаар аливаа хуулийн байгууллагад дуудагдаж, шалгагдсан тохиолдол нэг ч байхгүй. Гэрчийн мэдүүлэг өгсөн тохиолдол нэг ч байхгүй.
Аливаа шатны шүүхийн байгууллагаар гэм буруутай гэдэг нь тогтоогдож шийтгэгдсэн зүйл огтоос байхгүй ээ. Монгол Улс бол ардчилсан Үндсэн хуультай улс.
Иргэн хүний нэр төр, албан тушаалтай этгээдийн ажил албаны нэр хүнд гэдэг бол Үндсэн хууль болон холбогдох хуулиудаар хамгаалагдаж байдаг зүйл.
Гэтэл улс төрийн өндөр албан тушаалтай хариуцлагатай этгээдүүд удаа дараа гүжир гүтгэлгийн мэдээлэл хийж байна гэдэг бол ардчилсан Монгол Улсын парламентын засаглалд аюул ирсний том дохио.
Энэ асуудал өнөөдөр Амарбаясгалангийн асуудал байж болно.Гэхдээ энэ асуудал маргааш бусдын асуудал болно. Нөгөөдөр та бидний бүгдийн асуудал болно
Монгол Улс эрх чөлөөт ардчилсан нийгмээ алдах аюул эрсдэлд орж байна шүү.
Парламентад суудалтай улс төрийн намуудад ч бас хандаж хэлэхийг хүсэж байна. Та бүхэн маань аливаа асуудалд ул суурьтай, баримт материалтайгаар хандах нь зүйтэй.
Би АН-ын Улс төрийн зөвлөл болон АН-ын бүлгээс гаргасан шаардлагыг хүндэтгэлтэйгээр хүлээж авч байгаа. Өнөөдөр Тэмүүжин гишүүний хэлсэнчлэн АН-ын бүлэг бүлгээ хуралдуулж, Амарбаясгалан намайг оруулж, албан ёсны тайлбар хийх тэр боломжоор хангана гэдэгт итгэж байна
Би өөрөө ЦЕГ-т есдүгээр сарын 29-ний өдөр “Амарбаясгалан намайг онц ноцтой хүнд хүн амины гэмт хэрэгт гүтгэсэн асуудлаар шалгагдсан эсэх талаар тайлбар мэдээллийг гаргаж өгөөч ээ” гэж хандсан.
Улмаар ХЗДХ-ийн сайд Лхагвын Мөнхбаатарт хандаж, хариу өгөх асуудал дээр яаравчлан шуурхай ажиллуулж өгөөч ээ гэдэг хүсэлтийг би нэг дэх өдөр тавьсан.
Магадгүй үүнээс болоод Лхагвын Мөнхбаатар сайдыг ХЗДХ-ийн сайдаас чөлөөлөх, улмаар цагдаагийн байгууллагаас өгөх энэ хариултыг өгүүлэхгүйн тулд хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд улс төрийн дарамт үзүүлж байна гэдгийг би ойлгож авсан.
Өнөөдөр надад Хууль зүйн байнгын хороон дээр мэдээлэл сонсох хурал зарлагдсаны хүчинд энэ цагдаагийн байгууллагын хариу ирлээ.
Уг хариугаар энэ оны 3 дугаар сарын 2-ны өдөр талийгаач болсон хүнтэй холбоотой асуудалд хэрэг үүсэхээс татгалзсан бичгийг цагдаагаас прокурорын байгууллагад хүргүүлснийг илэрхийлж байна.
Нэгдүгээрт, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорын байгууллагад хүргэснээ мэдэгдсэн.
Нөгөө талаар намайг ямар нэгэн байдлаар энэ хэрэгтэй холбогдуулан мэдээлэл аваагүй, гэрчийн болон бусад хэлбэрээр дуудаж шалгаагүй болно гэдгийг би хариуцлагатайгаар хэлье.
Намайг гүтгэгч этгээд 30 сая долларыг ковидын цаг үед Монгол Улсын хилээр нэвтрүүлж оруулж ирсэн, ахиад тэр баримтыг нь мэдэж байсан этгээдийг “нухсан” гэдэг үгийг Лхагвын тойм нэвтрүүлгээр орохдоо илэрхийлснийг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Энэ бол хүний ёсонд баймгүй гүтгэлэг.
Дөрвөн хүүхдийн эцэг хүний хувьд ч, улс төрчдийн шунал, эрх мэдлийн төлөөх тэмцлээс болж гүтгэгдэж дормжлуулж байгаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
Энэ утгаараа цагдаагийн байгууллагаас ирсэн бичгийг би бас хуулийн дагуу судалж үзлээ. За энэ дагуу ЭХХШТХ-ийн 30 дугаар зүйлийн 10 дугаар зүйл дээр “мөрдөгчийн хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурор хянаж 7 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заажээ.
Тэгэхээр үндсэндээ энэ хэрэг прокурорын түвшинд бүрэн хаагдсан хэрэг байна дүгнэж болохоор байна.
Та бүхэн бас цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагаас уг хэргийн талаар мэдээлэл авах нь зүйтэй.
Өнгөрсөн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж талийгаачийн ар гэрийнхэн Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж, тамга тэмдэгтэй материалыг ирүүлсэн байна. Уг материалдаа, цагдаагийн байгууллагаас явуулсан үйл ажиллагаанаас миний нөхрийн нас барсан шалтгааныг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэх үндэслэл тогтоогдоогүй. Бид ном журмынх нь дагуу сүүлийн замд нь үзсн” гэсэн байна.
Энэ мэтчилэнгээр Амарбаясгаланг ямар нэгэн аргаар нүүрстэй холбож, улс төрийн өш хонзон авах гэсэн оролдлогууд сүүлийн өдрүүдэд явагдаж байгааг үүгээр дамжуулж би таслан зогсоохыг шаардаж байна.