2024 оны сонгуулийн тэмдэглэлээс…

Улс төрийн намууд бол парламентын ардчиллын суурь учир өнгөрсөн сонгуулийн өнгө төрхөөс өнөөдийн эрх баригч намд үүссэн нөхцөл байдлын учир шалтгааныг хайх хэрэгтэй. Тиймээс 2024 оны долдугаар сарын 3-нд бичсэн тэмдэглэлээ нийтэлж байна.

НАМУУД ХООРОНДОО ӨРСӨЛДСӨНГҮЙ…

2024 оны УИХ-ын сонгууль намууд хоорондын өрсөлдөөн болоогүй. Ерөнхийдөө хуучин, шинэ МАНАН-гийн биесээ унагах, өөрсдөө гарах өрсөлдөөн болов. МАН-ын дарга Л.Оюун-эрдэнэ ч энэ тухай ярьсан.

Тэрээр нэгдүгээрт, улс эх орны эрх ашиг, дараа нь намын эрх ашиг, гуравдугаарт, хувийн эрх ашиг байх. Хэрэв энэ зарчим алдагдвал ардчилал, парламентад итгэл алдарч, төр иргэн хоёр хоорондоо үл ойлголцох тухай С.Зориг агсны үгийг олонтаа сануулав.

“Харамсалтай нь энэ эрэмбэ дараалал, эрх ашиг эсрэгээрээ хэдэн жил явсан. Хувийн эрх ашгийн төлөө улс төрийн намыг ашигладаг, нам дамнасан бүлэглэл үүсэж, төрийн мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг авахаас эхлээд эрх зүйт төрд байж боломгүй зүйл болсон.

Сүхбаатарын талбайгаа дундуур нь хувааж худалдсан, С.Зоригийн хөшөөг ч худалдсан, ногоон байгууламжууд устсан, цэцэрлэг сургууль, эмнэлгийн талбай хууль бусаар хувьчлагдаж нийтийн эзэмшил рүү халдсан.

Тийм учраас энэ удаагийн сонгууль өнгөрсөн 30 жилийн дүгнэлт байгаасай, төр иргэн хоёрын итгэлцэл, урам зоригийн сэргэлт байгаасай гэж хүсэж байна” гэсэн үг нь Ардын намыг лийд хийж сонгуульд ялсан Л.Оюун-Эрдэнийн гол үг байв.

Л.Оюун-Эрдэнэ аль долоон жилийн өмнөөс л ттогтолцооны авлигын эсрэг, МАНАН-гийн эсрэг тэмцсэн. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын төлөөлөл нь энэ удаагийн сонгуульд оролцох боломжгүй болсон, С.Баярцогтыг нь нэр дэвшүүлээгүй гэдгээс өөрөөр ямар ахиц дэвшил байгааг хэлж мэдэхгүй.

Харин энэ бүхний зэрэгцээ институт, тогтолцоогоо бэхжүүлэх, сэргээх юу хийх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй л байна. Магадгүй 126 гишүүнтэй парламент энэ манлайллыг хийх юм болов уу.

БҮХНИЙГ ХАМАГЧ НАМ…

МАН Үйлдвэрчний эвлэл, МҮХАҮТ зэрэг бие даасан иргэний нийгмийн хамгийн том байгууллагуудын удирдлагуудыг намын жагсаалтад оруулж ирсэн. Гадаадад өндөр цалинтай ажиллаж байсан хүмүүс ажил, бизнесээ орхин, эхний 10-т жагсан, УИХ-ын гишүүн болов. Энэ нь МАН бүхнийг хамагч нам болсныг илтгэнэ.

Улс төр судлалд хэрэглэгддэг catch-all party буюу бүхнийг хамагч нам гэдэг нь нийгмийн бүх бүлгүүдээс дэмжлэг авахыг зорьсон улс төрийн намыг хэлдэг аж.

Нийгмийн бүх бүлгээс дэмжигчдийг татахын тулд идеологийн ялгааг чухалчлахгүйн дээр дарга, удирдлага нь популист өнгө аясаар нийгэмтэй харьцах, намын гишүүд гэхээсээ ард түмний саналыг татахаар ажилладаг онцлогтойг судлаачид тэмдэглэжээ.

Ийм нам зорилгоо хэрэгжүүлж чадвал нийгмийн эв нэгдлийг хангаж чаддаг гэнэ. Нийгмийн бүх бүлгүүдээс шилдэгүүдийг УИХ-д оруулсан учир төлөөлөл хангагдаж, тэр хэрээр тухайн хэсэг нь сэтгэл хангалуун байх нь л дээ.

Жишээ нь, бизнесийн танхимын төлөөллийг парламентад оруулснаар тэдний дуу хоолой сонсогдож, илүү бизнест ээлтэй төрийн бодлого гарах нөхцөл бүрдэх юмуу даа.

МАН-ын нэр дэвшүүлэлт ерөнхийдөө санал шүүмж багатай болсон. Ковидын ид үед эрх баригч байсан, тэр үеийн дараалсан сонгуулиудад ялсан, дээр нь 100 жилээрээ аархсан зэрэг нөхцөл шалтгааны улмаас эрх баригч намын дотоод ардчилал суларсан нь үнэн.

Харин АН-ын нэр дэвшүүлэлт УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн хэлснээр “Жунглийн хуулиар” болов.Дайралцаан, түлхэлцээн, хашхираан, зодоон, цохион гээд юу юу болсныг сошиалд цацагдсан бичлэгээс хараарай.

Ийм нөхцөлд намууд доторх жижиг бүлэглэлүүд өөр, өөрсдийн халаасны хүмүүсээ тохиролцоод нэр дэвшүүлсэн. Жижиглэн хуваагдсан улстөрд гол тоглогчид болох Ерөнхийлөгч асан ба Ерөнхийлөгч нар өөрсдийн тойрон хүрээллээсээ жагсаалтад оруулж, бас тойрогт нэр дэвшүүлж УИХ-ын гишүүн болгов.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга л гэхэд хамгийн итгэмжит хүмүүсээ нэр дэвшүүлж, парламентад бүтэн багтай болов. Бүх ард түмний саналаар Ерөнхийлөгч болсон статусаа жижигрүүлж, өөрөө гишүүн боллоо.

Энэ бүхнээс харахад Монголд эрх мэдэл гэдэг улам л ашиг сонирхол өндөртэй талбар болжээ.

ХАР БАРААН МЭДЭЭ ИХТЭЙ СОНГУУЛЬ БОЛОВ

Намуудын хооронд бодлогын мэтгэлцээн гэхээсээ хар бараан мэдээ, сенсаац шуугиан ихтэй сонгууль боллоо. Хамгийн аймшигтай нь хүний алтан амь эрсэдсэн хэрэг гарлаа.

Өвөрхангай аймгийн Сант суманд МАН-ын ухуулагч сумын АН-ын даргын аминд хүрсэн хэрэг сонгуулийн ид дунд буюу зургадугаар сарын 15-нд гарч, олныг цочоож, сонгуулийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд саатуулав.

Үүнээс болж Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгуудын тойрогт МАН-аас нэр дэвшигчид ялагдав. УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар баараггүй ялах тоонд орж байсан ч арга буюу ялагджээ.

Сонгууль бол өрсөлдөөн, бас сөргөлдөөн. Гэтэл энэ үед улстөрийн соёл, ёс зүй, хүлээц ихэд бүдгэрсэн мэт санагдав.

Троллын сонгууль болов. Цахим троллоос гадна амьд тролл гэх нэршил хүртэл гарч, сонгуулийн уулзалтууд үймүүлдэг захиалгатай хүмүүс гарч ирсэн нь баруун бүсэд нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатарын сонгуулиар идэвхжиж, түүнийг яаж ийгээд ялагдуулж дөнгөлөө. Сонгуулиар намын гишүүдийн бодит оролцоо үгүйлэгдэж, товчхондоо троллын сонгууль болов.

Нэг намын давамгай байдал бий болсны илрэл нь төрийн нөөц, хөрөнгө, мөнгийг зарсан сонгууль болов. Өмнө нь төрийн нөөцийг сонгуульд ашиглаж болохгүйг мэддэг, бие биеэсээ эмээдэг, хяналттай байсан бол 2024 оны сонгуулиар энэ бүхэн бүдгэрчээ. Намын сонгуулийн менежэрээр Төрийн захиргааны албан хаагч ажиллаж байгаа нь ч сонсогдов.

Мэдээж асар их мөнгөний сонгууль болов. Нэр дэвшүүлэхийн тулд намдаа хэдэн тэрбумаар өгдөг олигархиуд гарч ирээд сайдын суудалд суудаг жишиг ч бас давтагдах биз ээ.

Шинэ сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй парламентад таван нам, эвслийн төлөөлөл орж ирэв. Том тойрог, холимог тогтолцооны онцлог нь хүссэн хүсээгүй хамтрал, эвсэл рүү түлхдэг гэнэ.

Тэгээд одоо эвслийн Засгийн газар байгуулагдахаар яригдаж байна.

2024 оны долдугаар сарын 3

 

Эх сурвалж: Politiko.mn

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn