Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын харьяалалтай сайдуудын 40 хувийг өөрчилж байгаагаа танилцуулжээ

МАН-ын  Удирдах зөвлөлийн хуралдааны мэдээллийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Хуралдаанд  Ерөнхий сайд  Г. Занданшатар ЗГ-ын бүрэлдэхүүнд орж байгаа сайд нарынхаа талаар танилцуулжээ.

Сайдад  нэр дэвшиж байгаа энэ хүмүүсийг МАН-ын Удирдах зөвлөл олон талаас нь хэлэлцэж Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын бүрэн эрхийг хүндэтгэж дэмжжээ.

Ерөнхий сайд Удирдах зөвлөлд танилцуулга хийхдээ  хэд хэдэн зарчмын асуудал хэлжээ.

Өнөөдрийн дэлхий нийтийн   нөхцөл байдал,  үүнийг дагаад манай гол экспортод гарч байгаа хүндрэлүүд, төсвийн дарамт зэргийг ярьж, АН-аас бусад намуудад хамтран ажиллах санал хүргүүлснээ ярьжээ.  Ерөнхий сайд Г.Занданшатар энэ удаагийн Засгийн газраа байгуулахдаа Засгийн газрыг  бүтэц бүрэлдэхүүний хуульд өөрчлөлт оруулахгүйгээр байгуулах нь цаг хожно гэж үзсэн байна.

Гэхдээ одоо орж ирэх төсвийн тодотголтой хамт бүтцийн өөрчлөлтөө батлуулахаар ярьжээ. Ингэхдээ  үндэсний хороод толгойлж байсан сайд нарыг томилохгүй явахаар шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл,Үндэсний хорооны гэх  сайд нарын орон тоог хасагдана гэсэн үг.

Засгийн газрын бүрэлдэхүүний хувьд,  мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, мөн мега төслүүд зэргээс шалтгаалаад өмнөх Засгийн газрын зарим сайдыг улирааж байгаагаа ярьжээ.   Ерөнхий сайдын Засгийн газраа бүрдүүлэх асуудал бол 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал учраас МАН-ын Удирдах зөвлөл зөвхөн сонссон гэнэ.

Хэн нэгэн сайд болох,  хэн нэгэн дарга болохоосоо илүү ард түмэнд амласан энэ амлалт энэ мөрийн хөтөлбөр биелэх учиртай гэж үзжээ.   Ерөнхий сайд Г.Занданшатарын танилцуулснаар МАН-ын сайдуудын 40 хувь нь шинэчлэгдэж орж ирж  байгаа аж.

Хуульд зааснаар Ерөнхий сайд санал тавьсан намуудтайгаа учраа олоод,  Ерөнхийлөгчтэй  зөвшилцөнө. Ерөнхийлөгч  7 хоногийн дотор хариу өгөх бөгөөд сайдуудын нэрсийг Ерөнхий сайд УИХ-д танилцуулснаар томилогдсонд тооцдог юм.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn