
Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 20 хувиар нэмэгдэж, 792 мянган төгрөг болж буй.
Үүнтэй уялдаатайгаар эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээнд өөрчлөлт орно. 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр гарсан Засгийн газрын тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг шинэчлэн тогтоожээ.
Уг тогтоолд зааснаар, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэд, нийгмийн халамж авдаг иргэд, хүүхдээ хоёр нас хүртэл харж буй эцэг,эхчүүд, оюутнууд, хугацаат цэргийн албан хаагчид, хорих ялтай ялтнуудын эрүүл мэндийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиар тооцож авахаар тусгажээ.
Харин гадаадын иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний дөрвөн хувиар тооцож эрүүл мэндийн даатгал төлөх аж.
Өмнө нь эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг Засгийн газраас шууд мөнгөн дүн зааж тогтоодог байв. Тухайлбал,шимтгэлээ өөрөө төлдөг иргэд 2024 онд сар бүр 6600 төгрөг төлдөг байв. Харин энэ шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувь болгосноор 2025 оны нэг, хоёрдугаар сард 13 200 төгрөг төлсөн бол дөрөвдүгээр сараас сар бүр 15840 төлөхөөр болж байгаа юм.