Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг сүүлчийн замд нь хүндэтгэлтэйгээр үдэж байна

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” Тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсныг өнөөдөр сүүлчийн замд нь үдэж байна.
Талийгаачтай салах ёс гүйцэтгэх ёслолыг Төрийн ордны Их танхимд гүйцэтгэж, Алтан-Өлгийд оршуулахаар цуваа хөдөлжээ.
Талийгаачийн шарилыг тээвэрлэх хөсгийг Улсын Гуравдугаар төв эмнэлгээс Төв шуудангийн уулзвар хүртэл Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хамгаалалтын хэлтсийн тусгай дуут дохиотой тээврийн хоёр хэрэгсэл, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын мотоцикльтой хамгаалалтын тасгийн 11 мотоцикльтой алба хаагчид цувааны хөтчөөр хамгаалан Төв шуудангийн уулзвар хүртэл авч явсан байна.
Төв шуудангийн уулзвараас Төрийн ордон хүртэл Хөсгийг “Төрийн хүндэт харуулын анги” хэмээн түмэн олонд алдаршсан, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит, Байлдааны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн морьт торгон цэргийн салааны 31 цэргийн алба хаагч залж ирүүлжээ.
Талийгаачид Төрийн цэргийн байгууллагуудын төлөөлөл 5 хайрцаг цэрэг буюу 270 цэргийн алба хаагчид алхаж хүндэтгэл үзүүллээ.
Салах ёс гүйцэтгэх арга хэмжээтэй холбогдуулан дараах байршлуудад замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж зохицуулалт хийх тул иргэд та бүхэн хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.
Мөн өнөөдөр 12.00 цагт улс даяар автомашин, галт тэрэг, цахилгаан станцын дуут дохиолол өгч, төрийн албан хаагчид нэг минут зогсож хүндэтгэл үзүүлэх юм.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn