Чингэлтэй дүүргийн төвийн хороодод 18-21 цагаас бусад цагт хог хаяхыг хориглосон Засаг даргын захирамж гарчээ. Тус дүүргийн төвийн хороодод 1-6 дугаар хороо хамаарах бөгөөд эдгээр хорооны аж ахуйн нэгж, байгууллага, орон сууцны хорооллын оршин суугчдад энэ захирамж хамаатай ажээ.
Чингэлтэй дүүргийн менежер Н.Сугарын хэлснээр, дүүргийн төвийн зургаан хороо буюу байшин хороолол дунд өдрийн цагаар хог хаяхыг хориглосон захирамж гаргасан. Хэрэв зааснаас бусад цагт хог хаясан тохиолдолд хууль, дүрэм журам зөрчсөн гэж үзэж торгуулийн арга хэмжээ авна. Чингэлтэй дүүрэг 24 цагийн хугацаанд дүүргийн хэмжээнд хог ачилтыг гурван удаа хийдэг. Өглөө, өдөр, шөнийн цагаар хог ачдаг ч хогийн цэгүүд үргэлж хогтой хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор дүүргийн оршин суугчдаас ч санал гомдол ирдэг. Тиймээс 18-21 цагт л хог гаргаж хаяж, бусад цагт хог хаяхгүй байх шийдвэрийг гаргаж байгаа.
Хэрэв гудамж талбайд зааснаас бусад цагт хог хаявал, хогийн цэг дээр хаясан ч торгуулийн арга хэмжээ авна. Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 30 нэгжээр, аж ахуй нэгжийг 300 нэгжээр торгодог зохицуулалттай.
Тохижилт үйлчилгээний ажилтнууд өдөр бүр 21:00 цагаас дүүргийн хэмжээнд хог ачна. Аж ахуй нэгж, иргэдийн хамгийн боломжит цагт тулгуурлаж хог нийтээр хаях цагийг тогтоосон. Захирамжийг гаргахдаа дүүргийн иргэдийн саналыг харгалзаж гаргасан” хэмээн ярьжээ.